Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана
2023.07.27
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн. Үүний улмаас модон 7, төмөр бетон 1 гүүр үерт өртөж, дахин ашиглах боломжгүй болжээ. Иймд уг гүүрүүдийг сэргээн засварлахад Засгийн гарын нөөц сангаас хөрөнгөгаргахаар болов. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хараа голын гүүрийг сэргээн засварлах төсвийг шийдвэрлэлээ.

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас “Сэлбэ”голын далан зарим газраараа сэтэрч, яаралтай сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цаг агаарын мэдээллийг цаг тухай бүрт нь олон нийтэд өгч, болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлж ажиллахыг Улсын онцгой комисст үүрэг болголоо.

ШИНЭ МЭДЭЭ