Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа
2023.08.10
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа

Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй.

Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.

Он дамжин хэрэгжиж байгаа 2023 онд ашиглалтад оруулах боломжтой ч энэ жилийн улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилт тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2024 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Мөн гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй зарим төсөл, арга хэмжээг дүгнэж, гэрээнд заасны дагуу алданги тооцох, шаардлагатай тохиолдолд цуцлах болон холбогдох бусад арга хэмжээ авахыг сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн хэмнэлт бий болгох зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж, шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт мөн даалгалаа.

ШИНЭ МЭДЭЭ