МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архангай аймгийн алслагдмал багуудын иргэд, сонгогчидтой уулзалт хийж байна
2023.08.16
Орон нутгийн хөгжил

Архангай аймгийн алслагдмал багуудын иргэд, сонгогчидтой уулзалт хийж байна

Архангай аймгийн алслагдмал багуудын иргэдтэй уулзалт хийж, малчид иргэдийн төлөөлөлтэй илэн далангүй ярилцаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн хууль санаачлагчийн хувиар санаачлан батлуулж буй хууль тогтоомж, бодлого шийдвэрийн талаар танилцуулж, санал солилцлоо.

УЛААНЧУЛУУ БАГ

Хотонт сумын Улаанчулуу багийн малчид, иргэдтэй ээлжит уулзалт хийж, санал солилцлоо. Уулзалтаар Улаанчулуу багийн иргэдийн зүгээс тусгайлан онцолж 1 асуудлыг хөндөж байсан нь сүүлийн жилүүдэд тус багт газар тариалангийн талбай ихээр нэмэгдэж, малын бэлчээр багасаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн зүгээс тариалангийн талбайн газар олголтод багийн иргэд оролцох, өөрсдөө малын тэжээл тариалах эрхтэй байх, хил залгаа аймаг, сумын хил хязгаарыг нягтлах, багийн хадлангийн талбайд багт хамааралгүй хүмүүс хадлан авч байгааг хязгаарлах, бэлчээрийг эзэнтэй болгох, Бэлчээрийн тухай хуулийг шуурхайлан батлах шаардлагатай байгааг чухалчилж байна. Хууль санаачлагчийн хувиар бэлчээрийн мал аж ахуйн амин сүнс болсон бэлчээрийн зохицуулалтгүй харилцааг өөрчлөх хуулийн төсөл буюу Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьснаа танилцуулж, ойрын хугацаанд УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

БУРГАЛТАЙ БАГ ХОТОНТ

Хотонт сумын Бургалтай багийн малчид, иргэдтэй уулзалт хийхэд иргэдийн зүгээс олон ажил хэрэгч саналыг дэвшүүлж байна. Тухайлбал, дотоодын үндэсний үйлдвэрүүдийг дэмжих үүднээс хоршоогоор дамжуулан түүхий эд нийлүүлэхийг шаардах боловч НӨАТ-аас шалтгаалан малчид гадны түүхий эд худалдан авагч, дундын зуучлагч нарт борлуулдгийг болиулах арга хэмжээ авах нь зүйтэйг уламжилж байна. Саяхан болсон үерийн гамшигт өртсөн аж ахуйн нэгж, байгууллагуудад хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох, сумдын үер уснаас хамгаалах шуудуу, далан, нүхэн гарцыг шуурхай шийдвэрлэхийг хүслээ. Мөн мал угаалгын ванн багуудад хийгдсэн боловч ашиглалт муутай, холбогдох харьяа байгууллагууд хяналт тавьж, мал эрүүлжүүлэх ажлыг тухай бүр шахаж шаардаж, хийлгэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

ТӨВШРҮҮЛЭХ ХӨХСҮМ БАГ

Төвшрүүлэх сумын Хөхсүм багийн иргэдтэй уулзалт хийлээ. Хөдөөд малын гаралтай түүхий эдийн үнэ бага байгаад анхаарах, малын тэжээл тариалахдаа олон наст ургамал болох царгасыг түлхүү тариалах, тэжээлийн сайн үр болон техникийн хэрэгцээг хангахад аймгаас дэмжлэг үзүүлэх, үхрийн цөм сүргийн аж ахуйн төл малыг малчдад нийлүүлэх үнэ хөлс, журмыг тодорхой болгох зэрэг асуудлыг иргэдийн зүгээс хөндлөө.

ОРХОН БАГИЙН ӨДӨРЛӨГ

Жилийн 4 улирал зав чөлөөгүй ажилладаг малчид маань зуны дэлгэр цагтаа багийнхаа өдөрлөгийг хийн, нэгэн өдрийг баг хамт олноороо өнгөрүүлж байхад нь таарлаа. Хотонт сумын Орхон багийн малчид өдөрлөгтөө өргөнөөр оролцож, багийнхаа үйл ажиллагааны талаар хоорондоо мэдээлэл солилцож, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан малчдаа шагнаж урамшуулсан байна. Багийн иргэдийн зүгээс худаг усны хангамжийг нэмэгдүүлэх, утасны сүлжээ сайжруулалтыг бий болгох зэрэг саналыг гаргаж байна. Мөн өдөрлөгийн үеэр гар бөмбөг болон дэмбээний багийн тэмцээнүүд зохиогдож байна.

ХОТОНТ ӨНДӨРСАНТ БАГ

Хотонт сумын Өндөрсант багийн малчин түмэн, иргэдтэй хийх уулзалтыг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын хамтаар хийлээ. Уулзалтанд малчидтай холбоотой батлуулсан хууль тогтоомж болон бусад бодлого шийдвэрийн чиглэлээр мэдээлэл өглөө. Харин Өндөрсант багийн иргэдийн зүгээс өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэд төрөөс хязгаарлалт хийх, түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, алслагдмал багийн эмч нарыг унаажуулах зэрэг саналыг дэвшүүлж, уул уурхайгаас орж байгаа орлогын хуваарилалт хэрхэн хийгдэх, ногдол ашиг хуваарилагдах эсэх зэрэг асуудлаар асуулт асууж, харилцан ярилцлаа.

ХАШААТ ЖАРГАЛАНТ БАГ

Хашаат сумын Жаргалант багийн иргэд, сонгогчидтой уулзаж, УИХ, ЗГ-аас явуулж буй бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцлаа. Жаргалант багийн иргэд малчдын зүгээс тэтгэврийн зөрүүг арилгах өөрчлөлт зөв хийгдсэн эсэх, малын түүхий эд, ноолуурын экспорт, үнийг хэрхэн нэмэгдүүлэх, малын тэжээл үйлдвэрлэл үнийг тогтвортой байлгахад анхаарах зэрэг олон асуудлаар асуулт асууж, мэдээлэл солилцлоо. Шинэ хот байгуулах шийдвэртэй холбогдуулан тус сумын зарим бэлчээр, газар нутаг шинэ төлөвлөлтөд орох эсэх, уул уурхайн тусгай зөвшөөрлүүд тус суманд олгогдоод байгаа эсэх зэрэг газартай холбоотой асуудлаар тодруулж өгөхийг хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ