МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт 20 хоног үргэлжилнэ
2023.08.23
Зам, Тээвэр

Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт 20 хоног үргэлжилнэ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, наймдугаар сарын 26-наас эхлэн 20 хоног өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд авто машины улсын дугаарын тэгш сондгойгоор оролцуулахаар боллоо

СОНДГОЙ ТОО буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд

ТЭГШ ТОО буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулна!

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн "Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотод орон нутгаас 177,540 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Сүүлийн өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг ажиглахад зах, худалдааны төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн.

Яг одоо 685,092 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ оны эхний найман сарын байдлаар нийслэлийн замын хөдөлгөөнд давхардсан тоогоор нийт 395,000-485,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа юм. Улмаар хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл саатал үүсэх нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс энэ хичээлийн шинэ жилтэй холбогдуулж дугаарын хязгаарлалтын арга хэмжээг авч байна.

Ноднин жил авто машиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ авч байсан. Тухайн үед замын хөдөлгөөн 7-9 километр цагийн хурдтай байсан бол тэгш, сондгой хөдөлгөөнд зорчуулах арга хэмжээ авснаар 15-20 километр цагийн хурдтай зорчиж байсан.

Ингэснээр 38 орчим хувиар замын хөдөлгөөний түгжрэл, саатал буурсан үзүүлэлттэй гарсан учраас энэ арга хэмжээг дахин авч байна" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ