МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсролын багц хуулийг хүлээлгэн өглөө
2023.08.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Боловсролын багц хуулийг хүлээлгэн өглөө

Боловсролын тухай багц хуулиудыг  УИХ-аар хоёр жилийн турш хэлэлцэн баталсан. Тус хуулиудыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жаргалмаа нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон боловсролын салбарын удирдлагууд, багш нарт хүлээлгэн өглөө.

“Боловсролын шинэ сэргэлт” сэдвээр зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагааг нээж  УИХ-ын дарга Г.Занданшатар  үг хэлсэн.

Тэрбээр, өрсөлдөх чадвартай монгол хүн бэлтгэх нь энэ удаагийн боловсролын хуулийн цогц шинэчлэлийн гол зорилго байлаа. Боловсролын багц хууль 2023 оны 08 сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.Ямар ч хууль түүнийг хэрэгжүүлэгч засаглалгүйгээр оршин тогтнохгүй гэсэн үг байдаг. Аливаа хуулийг хэрэгжүүлж байж л түүнд тусгасан үзэл санаа, шинэчлэл амилна. Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг гүйцэтгэх засаглах, Засийн газарт ногддог. Та бүхэн энэ үйл хэрэгт гар бие оролцож, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудад эрдэм боловсролыг түгээх чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө манлайлж, зөвлөж, чиглүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.Боловсрол бол Монгол Улсын тэргүүлэх салбар юм. Яагаад гэвэл ардчилал, хүний эрх, хөгжлийн суурь бүгд боловсролоос үндэслэдэг. Боловсрол бол хөгжлийн хүч. Боловсрол бол хувь хүний сайхан амьдралын баталгаа. Боловсрол бол өөрт заяагдсан эрхээ эдлэх боломж юм. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтад одоо байр сав гэх мэт хатуу дэд бүтцээс илүүтэй багшийн хөгжил, хүний нөөцийн хүрэлцээ, ур чадвар зэрэг зөөлөн дэд бүтцэд анхаарах бодлогыг явуулах ёстой гэж үзэж байна.

Энэ үзэл санаа ч энэ удаагийн Боловсролын багц хуульд суусан. Энэ хүрээнд боловсролын салбарын санхүүжилтыг оновчтой болгох үүднээс боловсролын салбарыг чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Ингэснээр 2023 оны 06 сард хийсэн төсвийн тодотголоор багшийн цалингийн зэрэглэлийг, доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Тухайлбал, сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын байгууллагын багш, туслах багшийн цалинг 2022 онд тогтоосон цалингийн хэмжээнээс 45-65 хувиар нэмэгдүүлж, энэ оны 07 сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид багшийн хөгжлийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Боловсрол бол манай үндэсний баялаг юм. Иймд бид Үндэсний баялагийн сангаар боловсролын салбарыг дэмжих ёстой.

Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд Улсын Их Хурлын ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль чухал ач холбогдолтой. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид Үндсэн хуульдаа байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, түүний үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж нийт ард иргэддээ тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж тусгасан. Энэхүү зарчмаар хөгжлийн тулгуур, улс орны тэргүүлэгч салбар болох боловсролын салбарт Үндэсний баялгийн сангийн хуримтлал хуваарилагдах ёстой.

Тухайлбал ЭЕШ-аар 700-гаас дээш оноо авсан сурагчийг тэтгэлэгт хамруулснаар чадварлаг сурагчид төрийн дэмжлэгтэйгээр боловсрол эзэмших бололцоо нээгдэнэ. Мөн багшийн хөгжлийг дэмжих асуудал чухлаар тавигддаг. Багшийн мэргэжил эзэмших, багшийг магистр, докторт сурахад Боловсролын зээлийн сангаас сургалтын зээл өгдөг байх шийдлийг мөн санал болгож байна хэмээн танилцуулсан юм.

Түүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвээр,  УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Боловсролын шинэ сэргэлт” сэдвээр илтгэл тавьж, боловсролын салбарын хүрээнд хийж буй шинэчлэлээ танилцууллаа.Монгол Улсын бүх аймаг, сум, нийслэл дүүргийн бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, багш нарын төлөөлөл үргэлжлүүлэн Боловсролын багц хуулийн талаарх салбар хуралдаануудад оролцож, хуулийн шинэчлэлтэй танилцаж байна

ШИНЭ МЭДЭЭ