Ж.Батсуурь: Лу.Гантөмөр даргад бодох хугацааг нь бид өгсөн.  Одоо бодлоо хэрэгжүүлэх боломжийг нь олгож байна
2023.08.02
Улстөр

Ж.Батсуурь: Лу.Гантөмөр даргад бодох хугацааг нь бид өгсөн. Одоо бодлоо хэрэгжүүлэх боломжийг нь олгож байна

- АН-ЫН ҮБХ-НЫ ХУРАЛ ЭНЭ САРЫН 28-НД БОЛНО -

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намын Үндэсний бодлогын хорооны хурлын тов энэ сард зарлагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Ер нь намын дотоод уур амьсгал ямар байна вэ?

-Ардчилсан намын хувьд 2020 оноос хойш багагүй хугацаанд нэлээд их будилаантай, маргаантай явж ирснийг иргэд, олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энэхүү маргаан 2023 оны нэгдүгээр сард Лу.Гантөмөрийг Улсын дээд шүүх бүртгэж авснаар эцэс болсон. Ардчилсан нам албан ёсны даргатай болоод зургаан сар өнгөрлөө. Лу.Гантөмөр даргын хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд өрнөсөн үл ойлголцлоос бий болсон нөхцөл байдлыг засахаар чамгүй ажиллаж байгаа гэж харж байна. Намын уур амьсгал тааламжтай байгаа. Намын даргын хувьд өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутгаар явах, өөр бодол, ойлголттой, хоорондоо ойлголцохгүй байсан хүмүүстэй уулзаж, ярилцах, үзэл бодлыг нь нэгтгэх ажил нь үндсэндээ дууссан гэж ойлгож болох байх. Тиймээс намын уур амьсгал, эв нэгдлийн хувьд бэхжих үйл явцдаа орсон гэсэн үг.

-Лу.Гантөмөр даргыг гайгүй сайн ажиллаж байгаа гэж хэлж байх шиг байна. Гэтэл танай намын зарим гишүүд болоод, олон нийтээс их удаан ажиллаж байна гэсэн шүүмжлэлийг аваад байгаа шүү дээ...?

-Юмыг гаднаас нь хараад шууд үнэлэлт, дүгнэлт хийдэг хүмүүсийн нүдэнд удаан ажиллаж байгаа мэт харагдах байх. Гэтэл бодит нөхцөл байдлыг аваад үзвэл асуудал тэс өөр шүү дээ. Ерөнхий агуулгаар нь харвал Ардчилсан нам албан ёсны нэг даргатай болсноос хойш улс төр, нийгмийн амьдралд нөлөө үзүүлэх бүхий томоохон хуулиудад өөрчлөлт орлоо. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орлоо. Сонгуулийн болоод Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Эдгээр нөхцөл байдлыг олон нийт анхааралтай ажигласан байх.

Нөгөөтэйгүүр нэг зүйлийг нуулгүй хэлэхэд Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд маш олон хэсэг болж, талцсан. Эдгээр бүлэг, хэсэг хүмүүсийн үгийг нь сонсож, үзэл бодлыг нь нэг зүг рүү чиглүүлэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай байсан гэж бодож байна. Ер нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд явагдсан намын маргаантай байдлаас үүдээд сөрөг хүчний дуу хоолой алсарсан байсан. Тиймээс ард иргэдийн хувьд Ардчилсан намыг хурдхан цэгцрэхийг хүлээж, шахсан.

-Зарим хүмүүсийн зүгээс Лу.Гантөмөр даргыг огцруулах асуудлыг хөндөнө гэж байгаа бол зарим нь АН-ын хувьд даргаа дахиад соливол ирэх сонгуулиар ялах боломжгүй гэдгийг хэлж байна даа. Ер нь намын даргыг солих асуудал яригдахгүй биз дээ?

-Тийм зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд Лу.Гантөмөр гэдэг хүнийг бид бодох, бодлогоо тодорхойлох, намын гишүүд дэмжигчидтэйгээ нүүр тулан уулзах боломжоор хангаж өгсөн. Өөрөөр хэлбэл түүнд бодох зургаан сарын хугацаа өгсөн гэсэн үг. Харин одоо бодсон бодол, боловсруулсан бодлогоо хэлэлцэж хэрэгжүүлэх боломжийг нь нээж өгье гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр бидний хувьд дарга солих, дарга хэн байх тийм ч чухал биш. Мэдээж бүх хүнд таалагддаг бурхан гэж байдаггүйтэй адил бүгдэд таалагддаг дарга гэж үгүй шүү дээ. Тиймээс бид түүнд бодох боломжийг нь өгсөн бол одоо хийх, хэрэгжүүлэх боломжийг нь олгох ёстой.

-Үндэсний бодлогын хорооны хуралдаан наадмын өмнө болно гэж төлөвлөж байсан. Яагаад хойшлов...?

-Өнгөрсөн хаврын чуулган наадмын өмнө буюу долдугаар сарын 7-ны өдөр хаалтаа хийж, өндөрлөсөн. Улмаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо дараа өдөр нь хуралдах асуудлыг зарчмын хувьд өөр хоорондоо ярьцгааж байсан. Гэвч хуралдаан зохион байгуулагчид болоод оролцогчид, намын гишүүд, дэмжигчид маань хувь хувьдаа наадам, амралт гээд сэтгэл нь хөөрчихсөн, амралтын улирал эхэлсэн үе байлаа. Олон аймаг, сумдын түүхт зуун жилийн ой ч давхацсан шүү дээ. Тиймээс наадам, аялал зугаалга, амралтын цаг хугацаанд энэхүү онцгой анхаарах ёстой хурлыг хуралдуулах нь зохимжгүй гэж үзсэн учраас хойшлуулсан юм аа.

-Наадам, найрын сар шувтарч байх шиг байна. Тиймээс Үндэсний бодлогын хороог хуралдуулахаар төлөвлөж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Одоо бол найр, наадам ч өнгөрлөө. АН-ын гишүүд, дэмжигчдийн хувьд ч амрах нь амраад өвөл, хаврын алжаал ядаргаагаа тайлаад одоо ер нь намрынхаа ажилд орж, намынхаа үйл ажиллагаанд оролцож эхэлье ээ гэдэг санаа зорилготой болцгоож байх шиг байна. Тийм учраас улс төрийн голлох хүчний нэг Ардчилсан намын хувьд ч гэсэн дотоод бүтэц зохион байгуулалтынхаа асуудлыг түргэн шийдье гэдэг байдлаар ажилдаа орж эхэллээ. Манай намын Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгчид таван хүн байдаг. Энэ таван хүн өчигдөр хуралдаж, энэ сарын 28-ны өдөр АН-ын ҮБХ-г хуралдуулахаар тов гаргалаа. Нөгөөтэйгүүр Үндэсний бодлогын хороог хуралдуулах асуудлаар АН-ын даргын зүгээс хүсэлтээ тэргүүлэгчдэд тавьдаг.

Үүнийг нь тэргүүлэгчид хэлэлцээд ҮБХ-ны хурлыг энэ сардаа зохион байгуулахаар товлон, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргалаа. Ер нь манай намын хувьд бид намынхаа даргыг л сонгосон. Бусдаар өөр ямар нэгэн томилгоо, бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт огт хийгээгүй байгаа. Тэр утгаараа нөгөө намын дэд дарга нар хаана байна, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод бусад дарга, удирдлагууд нь хаана байна. Дунд шатны бүтэц зохион байгуулалтыг хийхэд шаардлагатай дүрэм журам хаана байна. Бүх шатны сонгуульт гишүүдийн татварын асуудал хаана байна. Энэ мэт олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа.

-Танай намын хувьд иймэрхүү хурлаа цахимтай хослуулан хийчихдэг болсон шүү дээ. Энэ удаагийн Үндэсний бодлогын хорооны хурлыг яаж хийхээр төлөвлөж байна вэ?

-Мэдээж тодорхой цаг хугацаа, нөхцөл байдлаас хамаараад хурлыг янз бүрээр л хийж ирсэн. Гэхдээ энэ удаагийн ҮБХ-ны хурлыг бид нүүр нүүрээ харсан уулзалт, танхимын хурлаар зохион байгуулъя гэсэн шийдвэрт хүрсэн.

Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд нэгнийхээ нүүр царайг хараагүй гишүүд, дэмжигчид манай намд байна. Хурал боллоо л гэдэг яг нэгэнтэйгээ уулзаад санал бодлоо солилцоод гар бариад намынхаа үзэл баримтлалыг яриад суусан нь сүүлийн жилүүдэд цөөн байх. Харин энэ удаад буюу энэ сарын 28-нд болох ҮБХ-ны хурлаар бүгд нүүр нүүрээ хараад асуудлаа ярилцъя гэдэг зарчмаар явуулах гэж байна. Үүгээрээ бусад хурлаас онцлог гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бодит нөхцөл байдал дээрээ бодит дүгнэлт хийгээд олонхоороо шийдээд явъя л гэсэн үг.

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн олон бий. Тэд бүгд өөр өөрсдийнхөө тус хорооны гишүүн гэдгээ зарладаг, тайлбарладаг. Үүнээс болоод АН-ын хувьд хэдэн ч ҮБХ-той гэдэг нь мэдэгдэхээ больсон байсан шүү дээ...?

-Ерөөсөө бүгдээрээ цуглаж, нүүр нүүрээ харж асуудлаа ярилцъя гэж байгаа юм. Таны хэлдгээр өөр өөрсдийн гэсэн тайлбартай олон гишүүн бий. Тиймээс энэ сард болох ҮБХ-ын хурлаараа энэ бүгдэд цэг тавина. Улмаар тус хурлаараа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулж өгнө. Мөн намын даргын санал болгосноор намын тэргүүн дэд дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Нөгөөтэйгүүр Дээд шүүхэд бүртгэлтэй намын дүрмээр бол Үндэсний бодлогын хороо гэдэг бүтэц гарч ирж байгаа. Уг хороо маань бүтцийнхээ хувьд УИХ-ын бүтэцтэй адилхан байх юм. Өөрөөр хэлбэл УИХ холбогдох салбаруудын байнгын хороодтой байдаг шиг АН-ын Үндэсний бодлогын хороо ч мөн адил холбогдох бодлогын зөвлөлтэй байна гэсэн үг. Тиймээс уг хурлаар тус хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг томилно.

-Хаврын чуулганаар Сонгуулийн болоод Улс төрийн намын тухай хуулийг өөрчилсөн. Мөн Үндсэн хуулиараа УИХ-ын 126 гишүүнтэй болсон шүү дээ. Энэ хүрээнд танай намын хувьд ямар өөрчлөлт хийгдэхээр байгаа вэ?

-Мэдээж УИХ-ын 126 гишүүнтэй болсонтой холбогдуулан АН-ын Үндэсний бодлогын хороо 504 гишүүнтэй болж нэмэгдэж байгаа. Улмаар энэхүү 504 гишүүн 11 бодлогын зөвлөлд хуваагдан орж ажиллана. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль хэлэлцэх боллоо гэж бодоход уг асуудлыг АН-ын Үндэсний бодлогын хорооны Төрийн байгуулалтын бодлогын зөвлөл авч хэлэлцэнэ гэсэн үг. Татварын асуудлыг ҮБХ-ны Төсвийн бодлогын зөвлөл

авч хэлэлцэж байхаар бүтэц, зохион байгуулалтыг хийж өгнө. Эдгээр бодлогын зөвлөлөөр хэлэлцэгдсэн асуудал дараагийн шатандаа УИХ дахь АН-ын бүлэгт очдог байна. Улмаар АН-ын бүлэг тухайн асуудлуудыг холбогдох хуулиудад тусгуулахаар ажиллахаар төлөвлөж байна.

-Намын дэргэдэх байгууллагуудын удирдлагуудыг сонгох асуудал мөн адил хүлээгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Уг асуудал удахгүй болох ҮБХ-ны хурлаар яригдах уу?

-Энэ асуудал хурлаар яригдахгүй. Учир нь Улс төрийн намын тухай хуулиар намын дэргэдэх байгууллага байж болно гэж заасан байдаг. Гэхдээ энэ хурлаар яригдахгүй. Харин Үндэсний бодлогын хорооны хурлын дараа, намын бүтэц, бүрэлдэхүүн багийг шинээр томилж, асуудал цэгцэрсний дараа намын дэргэдэх байгууллагууд бие даасан хурлаа хийгээд асуудлаа шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл намын дэргэдэх байгууллагын удирдлагыг шинэчлэх асуудал бол тухайн байгууллагын дүрмийн дагуу шийдэгдэх асуудал. Дүгнээд хэлбэл энэ наймдугаар сардаа багтаад АН-ын бүтэц, бүрэлдэхүүн маш тодорхой болно. Улмаар ирэх намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Ардчилсан нам цэгцэрсэн бүтцээрээ сөрөг хүчнийхээ үүргийг илүү тодоор биелүүлээд явна гэсэн үг.

-Нэмээд хэлбэл Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар өөр ямар асуудал хэлэлцэхээр байна вэ?

-Нийслэл болон дунд, анхан шатны намын удирдлагыг сонгох журмыг батална. Тиймээс ҮБХ-ны хурлын дараа бүх аймаг, сумдын намын хороо хуралдаж шинэчилсэн зохион байгуулалтад орно.

-Татвар гэснээс энэ сарын 5-ны дотор татвараа төлөөгүй бол ҮБХ-ноос хасна гэсэн мэдээлэл явж байсан. Энэ бодитой юу?

-Үндэсний бодлогын хороо хуралдах товоо зарлалаа. Тиймээс одоогоор энэ асуудал яригдахгүй. Өөрөөр хэлбэл татварын асуудал Үндэсний бодлогын хорооны хуралдааны дараа яригдана гэсэн үг.

-Ардчилсан намын эрх барих дээд байгууллага нь Үндэсний бодлогын хороо. Таны хувьд энэхүү хороог удирдаж байгаа. Намын эв нэгдлийг хангах ажилд таны оролцоо чамгүй их байсан болов уу...?

-Үндэсний бодлогын хорооны даргын хувьд энэ намын эв нэгдлийг хангах ажилд тэргүүлэн гар бие оролцож явсан. Олон жил маргаантай явж ирсэн АН даргатай болсон. Асуудлуудаа өөр хоорондоо ярилцаж, шийдвэрт хүрсэн. Түүнээс хойш анх удаагаа ҮБХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах гэж байна. Миний хувьд Ардчилсан намын эв нэгдлийн ажлын хэсгийг ахлан ажилласан. Энэ хугацаанд хийгдэх ёстой байсан хамгийн чухал ажил бол маргалдагч талуудыг оролцуулсан хурал зохион байгуулах асуудал байсан. Тэр ч утгаараа нэг удаа зөвлөлдөх зөвлөгөөн хийлээ, гурван удаа ҮБХ-ны хурлыг хийлээ. Одоо бол Ардчилсан намд маргах асуудал гэж огт байхгүй. Дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, холбогдох журмуудаа шинэчлэн батлаад бүтэц, зохион байгуулалтаа хийгээд явна. Улмаар 2024 оны сонгуульдаа бэлтгэх үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Бидэнд одоо маш шуурхай ажиллах шаардлага бий болоод байна.

-Ерөнхийдөө Ардчилсан нам ирэх намрын чуулганаас өмнө бүхэлдээ цэгцэрчих юм байна гэж ойлгож болох уу?

-Үндсэндээ энэ сардаа багтаад Ардчилсан нам бүрэн цэгцэрчихнэ. Өөрөөр хэлбэл Лу.Гантөмөрийн баг олон нийтэд ил тод болно гэсэн үг. Мөн Үндэсний бодлогын хорооны бүтэц, бүрэлдэхүүн ч гэсэн тодорхой болно. Ингээд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо дүрмийн дагуу хийх ёстой эрх, үүргээ цаашид хэрэгжүүлээд явна.

-Өнгөрсөн хугацаанд болсон хурлын үйл явцыг ашиглахад гадны болоод дотоод хүчин нөлөөгөөр хурлын үйл ажиллагааг тасалдуулах, улс төрийн санаа зорилготой олон оролдлогууд хийгдэж байсан. Түүнтэй адил энэ удаагийн ҮБХ-ны хурлын үеэр улс төрийн зорилготой акц өрнөвөл яах вэ. Нийгэм бол Ардчилсан нам эвээ олж чадахгүй байна л гэж харна шүү дээ...?

-Өөрийнхөө хувийн улс төрийг гаргаж ирэх гэсэн оролдлого хийгдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Ардчилсан нам одоо хаширсан. Нөгөө хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг Ардчилсан нам хашир суусан. Тиймээс л бид аливаа үйл ажиллагааг яаран сандран хийхгүй байгаа юм. Маш олон жилийн ужиг, хүнд сорилтуудыг манай нам давсан учраас дахиж алдаатай зүйл хийхгүй байхын тулд намынхаа гишүүдтэй, дэмжигчтэйгээ, ард түмэнтэйгээ маш олон уулзалтуудыг хийж ирлээ. Тиймээс цаашид бидний хувьд дотоодоос бий болсон маргаан гарахгүй.

Цаашлаад ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүдийг нэгтгэх ажлаа улам эрчимжүүлэн хийх болно. Өмнө бид хувь улстөрчдийг дагаж, намирч байснаас болоод алдаа маш их гарч байсан. Харин одоо Ардчилсан нам хэмээх үнэт зүйл, үзэл санаагаа нэгэн тугийн дор нэгтгээд явж чадна. Чадаж ч байна

ШИНЭ МЭДЭЭ