Х.Нямбаатар: "Сонсголын үеэр нүүрсний хэрэгт шалгагдаад шүүх рүү шилжсэн зарим хүнээс тайлбар мэдүүлэг авна гэж бодож байгаа"
2023.09.07
Улстөр

Х.Нямбаатар: "Сонсголын үеэр нүүрсний хэрэгт шалгагдаад шүүх рүү шилжсэн зарим хүнээс тайлбар мэдүүлэг авна гэж бодож байгаа"

Нүүрсний асуудлаар нотлох баримтын сонсгол хэзээ зохион байгуулах талаар хууль зүйн сайд сэтгүүлчийн асуултад хариулав. Тэрбээр сонсгол хийхэд дэмжлэг үзүүлэх, бэлтгэл хангах, мөрдөн байцаалтын нууцад хамарч байгаа үе нь хэзээ дуусах асуудлаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, санал бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг ахалж байгаа билээ.

Сайд Х.Нямбаатар "10, 11 дүгээр сард нүүрсний асуудлаар сонсголыг явуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт хуралдаж, уул уурхайн салбарын мэргэшсэн инженер, маркшейдер, хууль эрх зүйн мэргэшсэн шинжээч, хянан шалгагч нарыг судлаад томилох нэрс тодорч байна. Түр хорооны ирц бүрдвэл хуралдаж, шинжээч, хянан шалгагч нарыг томилно. Ингэснээр шинжээч нар нотлох баримт цуглуулах, шинжлэн судлах ажилдаа орно.

Сонсголын үеэр нүүрсний эрүүгийн хэрэгт шалгагдаад хэрэг нь шүүх рүү шилжсэн зарим хүнээс гэрчийн мэдүүлэг авна гэж бодож байгаа.

Нүүрсний сонсголын зорилго нь нүүрсний салбарыг нээлттэй, ил тод болгох, засаглал сайтай болгох, юун дээр алдсанаа дүгнэх, дахиж нүүрсний хулгай гэдэг эмгэнэлтэй зүйл гаргахгүй байх зорилготой.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ашиглалтын лиценз авснаас хойших үйл ажиллагаанд шинжээч нарыг ажиллуулна. Нүүрсний олборлолт, худалдан авалт, тээвэрлэлт, хөрс хуулалт хийхэд юун дээр алдсан, ямар хэмжээний хохирол учирсныг шинжүүлнэ.

Мөн талбайгаас бүртгэлтэй, бүртгэлгүй гарсан нүүрсний хэмжээ, хил дээр хэд очиж, хэд нь бүртгэлгүй гарсан, баригдсан, миддлинг нэрийн доор хэчнээн хэмжээний өндөр агууламжтай нүүрс гарсан, ЭТТ-ийн нүүрс өөр хэдэн компанийн нэрээр АМНАТ бичигдэж хилээр гарсан, түүн дээр гаалийн байгууллага яаж ажилласан зэргийг бүх талаас нь судлах төлөвлөгөө гаргасан" хэмээн хэллээ

Одоо хийх гээд байгаа сонсгол нь Г.Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хорооноос зохион байгуулах нотлох баримтын сонсгол юм.

Нүүрстэй холбоотой асуудлаар иргэдээс гарч байгаа саналыг ерөнхийд нь сонсдог сонсголыг ерөнхий сонсгол гэдэг бөгөөд уг сонсголыг өнгөрсөн 12 дугаар сард хийсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ