МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ
2023.09.11
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын Хатгал тосгоны иргэдтэй хийсэн уулзалт ажил хэрэгч боллоо. Уулзалтад Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийж, Хөвсгөл аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтаар Хатгал тосгонд нэн тэргүүнд 320 хүүхдийн хичээлийн байрыг шинээр барихад шаардагдах хөрөнгийг Улсын төсөвт тусгуулах, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тавьж байв. Түүнчлэн, Залуу малчдыг бэлдэхэд төрөөс бодлогоор дэмжих, малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн уурын зуухны тогоог засварлах, гарааны бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжих зэрэг саналуудын талаар ярилцсан юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 321 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ.

ХАТГАЛ ТОСГОНД “МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ИЙН ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хөрөнгө оруулалтаар шилэн кабелын өндөр хурдны интернэт, 84 сувагтай, 96 цагийг нөхөж, ухрааж үзэх боломжтой IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ. Өнгөрсөн 2022 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Тариалан, Тосонцэнгэл суманд энэхүү гурвалсан үйлчилгээ амжилттай нэвтэрсэн бөгөөд эдгээр сумдын нийт өрхийн 60 гаруй хувь тус үйлчилгээг ашиглаж байна. Гурвалсан үйлчилгээний давуу тал нь өндөр хурдны шилэн кабель, IPTV, суурин утаснаас гадна, кино сангаас кино, контент үзэх, суурин утас нь сүлжээндээ үнэгүй ярих бөгөөд бусад сүлжээнд үнэгүй ярих эрх дагалдана.

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэдийн хувьд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, алсын зайн оношилгоо хийлгэх, сурагч багачууд маань цахимаар суралцах, цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.
Цаашид “Монголын цахилгаан холбоо” ХХК-тай хамтарч Хөвсгөл аймгийн бүх сумдад “Цахим өрх” төслийн хүрээнд гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, тойрогтоо хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагналаа.
Алаг-Эрдэнэ сумын иргэдийн зүгээс 320 хүүхдийн хичээлийн байрыг шинээр барихад шаардагдах хөрөнгийг Улсын төсөвт тусгуулах, Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг засварлах, Хүүхэд харах үйлчилгээг төрөөс дэмжих, Эрүүл мэндийн төвд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг тавьж байв.

Мөн ахмад багш нарын нийгмийн асуудалд анхаарах, мал, мах ченжээр дамжиж үнэ хөөрөгдөж байгаа талаар, бэлчээрийн доройтол, Хөвсгөл аймаг тэр дундаа Хатгал тосгонд ирж буй аялал жуулчлалын төвлөрлийг задлах зорилгоор Алаг-Эрдэнэ суманд мэдээллийн төв байгуулах зэрэг саналуудын талаар ярилцлаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 340 хүнд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийлээ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс болон Хөдөөгийн шийдэл компанийн төлөөлөл Алаг-Эрдэнэ суманд ажиллаж, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ.

ШИНЭ МЭДЭЭ