МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.09.08
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Алаг-Эрдэнэ сумын иргэдтэй уулзлаа

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, тойрогтоо хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагналаа.

Алаг-Эрдэнэ сумын иргэдийн зүгээс 320 хүүхдийн хичээлийн байрыг шинээр барихад шаардагдах хөрөнгийг Улсын төсөвт тусгуулах, Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг засварлах, Хүүхэд харах үйлчилгээг төрөөс дэмжих, Эрүүл мэндийн төвд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг тавьж байв.

Мөн ахмад багш нарын нийгмийн асуудалд анхаарах, мал, мах ченжээр дамжиж үнэ хөөрөгдөж байгаа талаар, бэлчээрийн доройтол, Хөвсгөл аймаг тэр дундаа Хатгал тосгонд ирж буй аялал жуулчлалын төвлөрлийг задлах зорилгоор Алаг-Эрдэнэ суманд мэдээллийн төв байгуулах зэрэг саналуудын талаар ярилцлаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 340 хүнд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийлээ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс болон Хөдөөгийн шийдэл компанийн төлөөлөл Алаг-Эрдэнэ суманд ажиллаж, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ.

ШИНЭ МЭДЭЭ