МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХНХ-ын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн гэрээт иргэдийн асуудлаар БНСУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа
2023.09.14
Гадаад харилцаа

ХНХ-ын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн гэрээт иргэдийн асуудлаар БНСУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн менежмент, хөгжлийн сангийн Тамгын газрын дарга Ким Тэ Хуантай албан уулзалт хийв.

Уулзалтад БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах, гадаад харилцааны мэргэжилтэн Д.Үнэнбат, хөдөлмөрийн болон олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтэн Ч.Энхжаргал, БНСУ-ын Хөдөлмөрийн менежмент, хөгжлийн сангийн Олон улсын хөдөлмөр эрхлэлт хариуцсан захирал Жу Хи Хёнь, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Юу Су Ёнь нар оролцлоо.

Уулзалтаар хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд ажиллах хүч илгээхэд Монгол Улсаас ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдын квотыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөдөлмөрийн салбарын чиглэлийг өргөжүүлэх, олон улсын сургалт семинарыг хамтран зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн бодлого төлөвлөлтийн журам боловсруулах зэргээр гурван жилийн хугацаатай хэрэгжүүлдэг ODA төсөлд энэ жил Монгол Улс саналаа өгч хамтран оролцох зэрэг асуудлаар харилцан санал солилцов.

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-г хэрэгжүүлэх “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу 2004 оноос өнөөг хүртэл Монгол Улсаас нийт 36 000 гэрээт ажилчид ирж ажилласан байна.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд улам өргөжиж буйд таатай байгаагаа илэрхийлээд, тэр дундаа хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцолсон юм. Тэрээр хөдөлмөрийн гэрээт ажилчдыг зөвшөөрөгдсөн квотын тоонд хүргэж илгээх, эмэгтэй ажилчдын квотыг нэмэгдүүлэх, тогтвортой нөхцлөөр ажиллаж буй гэрээт ажилчдаа дэмжих, тэдний гэр бүл, ах дүүг урьж хамтад нь амьдруулах, батлан даах тогтолцоог хэрэгжүүлж, дэмжин урамшуулах хүрээнд орон сууцны ипотекийн зээлд эхний ээлжинд хамруулах, Солонгос улсад хууль бусаар үлдэхгүйн тулд ирэхийн өмнөх сургалтыг чанаржуулах, сурталчилгаа мэдээлэл зэргийг идэвхжүүлэх, гэрээт ажилчдын насны хязгаарыг 45~50 нас болгон сунгах тал дээр санал хүсэлтээ илэрхийлэв. Мөн сайд Х.Булгантуяа мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх хүрээнд Солонгос улсаас сургагч багш урин сургалт явуулж тухайн мэргэжлээр гэрчилгээ олгон тохирох ажилд зуучлах, сүүлийн 3-5 жилийн Солонгосын хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй байгаа салбараар түүвэрлэн, чиглэлийн дагуу сургаж мэргэшүүлэх зэрэг саналыг уламжлав. Энэ нь цаашлаад мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчний оноот системийн E-7-4 виз рүү хөрвүүлэх боломжийг бий болгоно. Е-7-4 виз нь гэр бүлээрээ хамтдаа амьдрах зөвшөөрөлтэй виз бөгөөд Солонгос улсад 5-аас дээш жил ажиллаж амьдарсан байх гэсэн үндсэн шалгуурт нь тогтвортой нөхцлөөр 4 жил 10 сар ажиллаад дахин хөдөлмөрийн гэрээгээ сунган 4 жил 10 сар ажиллах гэрээтүүд хамрагдаж болдог. Сайд эдгээрээс гадна гэрээт ажилчдын сонгон шалгаруулалтын бүртгэлээ бүтэн жилийн туршид хэрэгжүүлбэл хүсэлт гаргагч иргэд солонгос хэлний бэлтгэлд хамрагдах болон бусад бичиг баримт бүрдүүлэх зэрэгт хугацааны хувьд давуу талтай болно гэдгийг санал болголоо.

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн менежмент, хөгжлийн сангийн Тамгын газрын дарга Ким Тэ Хуан “Эрхэм сайд таныг цаг зав гарган манай яаманд хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажиллах хүч илгээх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хөдөлмөрийн гэрээт ажилчид манай улсад ирж амжилттай, нэр хүндтэй ажиллаж, амьдарч байна. Манай улсын Засгийн газраас 2023 онд илгээгч 16 улс орны квотыг 110 000 болгож нэмэгдүүлсэн боловч танай улс 2005~2017 оных шиг квотын тоонд хүрч чадахгүй байна. Монгол Улсад энэ жил 1800 квот олгосон ч одоогийн байдлаар 450 гэрээт ажилчин л ирсэн байна. Илгээгч 16 орны квоттой харьцуулахад 2% -д ч хүрэхгүй байна. Квотын тоог ханган хэрэгжүүлэхэд нөлөөлөх гурван чухал хүчин зүйл байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, виз гаралт, Солонгос улсын жижиг дунд үйлдвэрийн ажил олгогчоос ажлын саналын гэрээ очиж, баталгаажуулах зэрэг хүчин зүйлүүд ордог. Яг визэнд орох үед цагдаагийн тодорхойлолт шаарддаг учир өмнө нь асуудалд орж байсан хүмүүсийн виз цуцлагдах зэрэг асуудал гардаг. Илгээгч 16 орны гэрээтүүдээс монгол залуус оюуны чадвар өндөртэй, хэл хурдан сурдаг, бяр хүч сайтай, ажилд сайн гэх мэт ам сайтай байдаг ч нөгөө талаар зарим нэг таагүй жишээ дурдахад, Солонгос улсад ирсэн хойноо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн ажлаа таслах, ажлын байраа солих, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг асуудлууд их үүсдэг нь солонгос ажил олгогчдыг Монгол Улсаас гэрээт ажилтан сонгох сонголтод тааруугаар нөлөөлдөг. Энэ тал дээр ирэхийн өмнөх сургалтаар сайн хэлж ойлгуулахыг хүсье” гэлээ. Мөн гэрээт ажилчдын ажиллах зөвшөөрөлтэй салбарыг нэмэгдүүлсэн. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, барилга угсралт, хөдөө аж ахуйн салбарт зөвшөөрөлтэй байсныг үйлчилгээний салбарт хүрээг нь өргөтгөн хүргэлтийн үйлчилгээний ажилд Монгол Улсын гэрээт ажилчдыг оруулахаар болсон гэх сайн мэдээг дуулгалаа. Энэ нь харьцангуй хүнд хүчир нөхцөлтэй үйлдвэрийн салбарыг бодвол биед хөнгөн салбар юм.

Ким Тэ Хуан дарга “Тогтвортой нөхцлөөр хөдөлмөр эрхэлж буй гэрээт ажилчдыг дэмжих хүрээнд сайд таны тавьсан саналуудыг ажил хэрэг болгох, хоёр талаасаа ODA төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлэх тал дээр манай зүгээс идэвхийлэн дэмжиж, хамтран ажиллах болно. Миний хувьд өнгөрсөн жилийн 9 сард тус сангийн Тамгын даргын ажлыг авах хүртлээ БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Гадаад хамтын ажиллагааны салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо, хөдөлмөрийн гэрээт ажилчдын квот, ажиллах нөхцөл, гэрээний хэрэгжилт, бодлого төлөвлөлтийг хариуцсан газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн гэрээт ажилчдыг дэмжихэд чиглэсэн ээлтэй бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж, үр дүнтэй шийдвэр гарган ажиллаж байсны хувьд энэ тал дээр хамтран ажиллахад таатай байна. БНСУ-ын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээт ажилчдыг 4 жил 10 сар тогтвортой ажилласан бол заавал нутаг буцаад дахин визний хүсэлт гаргадаг байсан тогтолцоог өөрчлөн нутаг буцалгүй эндээ үргэлжлүүлэн ажиллах журмыг батлах гэж байгаа нь гэрээт ажилчдад давуу талтай шийдвэр юм” гэж уулзалтын үеэр дурдлаа.

Уулзалтын төгсгөлд сайд Х.Булгантуяа цаашид хоёр тал ODA төсөлд цаг алдалгүй хамтран ажиллая. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам манай улсын гэрээт ажилчдын эрх ашгийг хамгаалсан санал хүсэлтүүдийг минь бодлогоор дэмжин хамтран ажиллана гэдэгт найдаж байна гээд манай улсаас ирж буй хөдөлмөрийн гэрээт ажилчдыг дэмжиж, тэдэнд ээлтэй бодлого журмыг батлан хэрэгжүүлж ирсэн Ким Тэ Хуан даргад талархал илэрхийлээд амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ