2023.09.18
Эдийн засаг, Худалдаа
Монгол-Хятадын төрийн өмчит компанийн шинэчлэл, хөгжлийн форум уулзалт боллоо
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулалтын хорооны хооронд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Бээжин хотноо байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн нэгдүгээр чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол-Хятадын Төрийн өмчит компанийн шинэчлэл, хөгжлийн форум уулзалтыг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Шинчен зочид буудлын Гуобин хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Уг форум уулзалтад Монгол Улсын талаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон 13 төрийн өмчит компанийн төлөөлөл бүхий нийт 40 төлөөлөгчид, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулалтын хороо, ӨМӨЗО дахь Төрийн өмчийн салбар хороо болон улсын шинж чанартай 116, ӨМӨЗО, Шинжаан Уйгарын өөртөө засах орон, Гансу муж, Шанси мужийн 115 орон нутгийн өмчит компанийн төлөөлөгчид тус, тус оролцсон.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус арга хэмжээг нээн үг хэлж, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, “Монгол Улс дахь төрийн өмчит компанийн шинэчлэл, хөгжил” төрийн өмчийн хяналт, зохицуулалт сэдвээр илтгэл тавьсан.
Тус форум уулзалтыг дараах дөрвөн хэлэлцэх асуудлын хүрээнд зохион байгуулсан. Үүнд:
- 1.Уул уурхайн салбарын төрийн өмчит компанийн шинэчлэл ба хөгжил
- 2.Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн шинэчлэл ба хөгжил
- 3.Зам тээврийн салбарын төрийн өмчит компанийн шинэчлэл ба хөгжил
- 4.Хөдөө аж ахуйн салбарын төрийн өмчит компанийн шинэчлэл ба хөгжил
Тус форум уулзалт зохион байгуулагдснаар дараах үр дүн, ач холбогдолтой байв. Тухайлбал;
- Хоёр улсын салбарын төрийн өмчит компаниуд өөр хооронд хамтын ажиллагаа тогтоож, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах талаар тохиролцсон.
- Хоёр улсын салбарын төрийн өмчит компаниуд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн.
- Талууд өөр хоорондоо салбарт тулгамдсан асуудлын шийдвэр гаргалт, арга механизмын талаар харилцан санал хуваалцан туршлага солилцсон.
- БНХАУ-ын шинжлэх ухаан технологи, инновацийн ололт амжилтуудаас Монгол Улсын төрийн өмчит компаниуд туршлага судлан нутагшуулан хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн.