БНСУ-тай спортын салбарт хамтран ажиллана
2023.10.09
Гадаад харилцаа

БНСУ-тай спортын салбарт хамтран ажиллана

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд КИМ ЖУН ГҮ-тай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар дараах сэдвээр Элчин сайдтай ярилцсан байна. 

• Хоёр улсын хамтран ажиллагааг албан хэлбэрт оруулах: одоогоор Биеийн тамир, спортын улсын хороо нь ОХУ, Турк, Унгар, Чех, Энэтхэг зэрэг 10 гаруй улс орны спорт хариуцсан төрийн байгууллагуудтай санамж бичиг байгуулж амжилттай хамтран ажилладаг юм. БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай Санамж бичиг байгуулах сонирхолтой байгаа илэрхийлсэн.

• Бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилын төв: БНСУ нь иргэдийнхээ бие бялдрын хөгжлийн түвшнийг тодорхойлох чиглэлээр сүүлийн арван жил амжилттай ажиллаж иргэдийнхээ бие бялдрын хөгжлийн түвшнийг тодорхойлох 72 сорилын төв байгуулж жил бүр 20 мянга гаруй иргэний идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа байдлыг тогтмол хэмжиж байгаа ба үр дүнгийн судалдаг улс орны хэмжээний мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгосон арвин туршлагатай. Тус мэдээ дата-г нэгтгэснээр идэвхтэй хөдөлгөөн хийж буй иргэдийн тоо, өөрчлөлтийг хянахаас гадна хуримтлуулсан мэдээг судалгаа шинжилгээний ажилд өргөнөөр ашиглах боломж бүрддэг учир орчин үеийн сорилын төвийг аймгийн төв, нийслэлийн хотын дүүргүүдэд шинээр байгуулахад солонгосын талтай хамтрах хүсэлт тавилаа.

• Манай улсын нийтийн биеийн тамир, спортын салбарт спортын эмч, физиотерапист, спорт сэтгэл зүйч, хоол зүйч, нийтийн дасгал хөдөлгөөний арга зүйч, спортын эдийн засагч, зах зээл судлаач, эвент зохион байгуулагч, нийтийн арга хэмжээний маркетингийн мэргэжилтэн зэрэг чиглэлээр гадаадын их сургуулиудад залуучуудыг суралцуулж үндэсний боловсон хүчин бэлдэх нэн чухал байгаа учир тус улсын боловсролын байгууллагуудад хандан БНСУ-ын Засгийн газрын тэтгэлээр бакалавр, магистрын түвшинд бэлтгэхэд туслалцаа дэмжлэг чухал байгааг тэмдэглэв

• БНСУ-ын Спорт хүрээлэнтэй хамтран орчин үеийн спортын шинжлэх ухааныг Монгол улсад хөгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, Спортын шинжлэх ухааны шинэ төвийг байгуулан материаллаг бааз болон боловсон хүчний хувьд олон улсын спортын шинжлэх ухааны байгууллагын өнөөгийн түвшинд хүргэхэд бүх талын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааны хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг онцоллоо.

• Спорт анагаах ухаан, нөхөн сэргээлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолборыг хамтад нь байгуулах сонирхол их байгаа боловч санхүүжилтийн асуудал тодорхойгүй болоод байна. Монголын талаас спорт цогцолборын иж бүрэн зураг төслийг боловсруулсан, загвар зураг, архитектур-төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулсан, нийслэлийн Засаг даргын 2020 оны захирамжаар Хан-Уул дүүрэг дэх 10 га газрын асуудлыг шийдвэрлэсэн, цахилгаан, цэвэр, бохир ус, холбооны техникийн нөхцөлүүдийг авсан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг 2022 онд хийлгэсэн зэрэг ажил гүйцэтгэсэн юм.Энэ төсөл дээр хамтран ажиллах, солонгосын талаас дэмжлэг авах боломжуудыг судлах, хамтран шийдвэрлэх хүсэлтэй байгааг чухалчлав.

Элчин сайд эдгээр чиглэлээр Монголын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаа ба нарийвчилсан судалгаа хийж дахин уулзах санал дэвшүүлсэн. Манай хоёр улс орны иргэдийн хоорондын харьцаа, итгэлцэл, эв найрамдлыг бэхжүүлэхэд биеийн тамир, спортын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт итгэж байна. Спортын салбарыг тусгайлан хамтран ажиллах талаар ярилцаж байгааг онцолж өөрийн зүгээс бүхий л талаар дэмжихээ илэрхийлэв.

Тус уулзалтад БНСУ-ын Элчин сайдын яамны спорт хариуцсан 3-р нарийн бичгийн дарга И Хёна, Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга О.Баттулга, Гишүүний зөвлөх Э.Төгсбаяр нар оролцов.

ШИНЭ МЭДЭЭ