МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов
2023.10.17
Улстөр

Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.10.17) хуралдаан 11 цаг 28 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, С.Чинзориг нар ажиллана.

Дараа нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, дээрх сонсголыг даргалагч О.Цогтгэрэл гишүүн хуралдаанд мэдээллийг танилцууллаа.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн нар ажиллаж байгаа аж.

Ажлын хэсэг ээлжит чуулганы завсарлагааны үеэр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангахаар ажилласан бөгөөд 20 орчим байгууллага руу холбогдох материал ирүүлэх хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн байна. Түүнчлэн сонсголд хянан шалгагч бус, сонсголын сэдэвтэй холбоотой цугларсан баримт, материалд үнэлэлт, дүгнэлт өгөх шинжээч шаардлагатай хэмээн үзэж, томилуулах хүсэлтээ Байнгын хороонд хүргүүлсэн хэмээн О.Цогтгэрэл гишүүн танилцууллаа.

Ерөнхий хяналтын сонсголыг 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон ч шинжээч томилогдоогүй, мэдээлэл, материал хангалтгүй байгаа тул сонсголыг хойшлуулах хүсэлтийг ажлын хэсгээс гаргаж байгааг тэрбээр танилцуулсан.

Нийтийн сонсголын тухай хуулиар сонсгол даргалагч шинжээчийг мэдэгдэх хуудсаар дуудаж оролцуулах зохицуулалттай гэдгийг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хоёр жил ажилласан бөгөөд энэ хугацаандаа холбогдох материалуудыг нэгтгэж, судалж, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсныг тэмдэглэв. Тодруулбал, Улсын Их Хуралд шаардлагатай материалууд байгаа учир түүнд тулгуурлан сонсголыг товлогдсон хугацаанд зохион байгуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал ажлын хэсэг эрх хэмжээнийхээ хүрээнд Байнгын хороонд шинжээч томилуулах хүсэлтээ хүргүүлсэн нь шийдвэрлэгдээгүй байгаа талаар тайлбар хэлэв. Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай гэдэг тайлбарыг Байнгын хорооны дарга хэлж, өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

ШИНЭ МЭДЭЭ