2023.10.19
Эдийн засаг, Худалдаа
Ц.Мөнхцэцэг: Татварын шинэчлэлийн асуудлаар 2024 онд ямар арга хэмжээ авахаар тусгав
УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад онцлогтой. Орон нутгийн сонгууль, Парисын олимп гэхчлэн зардал нэмэгдэж байгаа. Төсвийн ерөнхий төсөвт асуудал буйг ойлгож байна. Хэд хэдэн анхаарах зүйл байна. Тухайлбал, аудитын дүгнэлт. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт тэр дотроо, тэгш бус байдлыг арилгах зорилтууд хэдэн байр ухарсан. Тодрулбал, сүүлийн таван жилд 14 байр ухарсан. Тиймээс орлогын ялгаа, тэгш бус байдлыг багасгах чиглэлд анхаарах зүйтэй гэсэн зөвлөмж өгчихсөн байгаа. Үүнийг дэмжих нь зүйтэй.
Хот, хөдөө нь төслийн гол зорилт шүү дээ. Төсвийн гол заалтууд, салбаруудын хуваарилалтуудыг харахаар УБ хотын төсөв бага байгаа нь харагдаж байна. Хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон олон түвшний огтлол бүхий автозам нь хамгийн том дэд бүтэц. Ногоон байгууламжийн төслүүд гээд нийслэлийн хэмжээнд дорвитой том хөрөнгө оруулалт харагдахгүй байна. Харин хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хөдөө орон нутагт орон сууц худалдан авах, бизнес эрхлэх гэхчлэн орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалт, санаачилгууд байгаа нь сайшаалтай. Нийслэлд 71 төсөл шинээр суусан гэж хэллээ. Үүнийг тодруулах шаардлагатай байна.
Монгол Улсад орлого олж байгаа хүн бүр татвар төлөх үүрэгтэй. Татвар бол улсын эдийн засгийн эх үүсвэр байдаг. Тиймээс 2024 оны төсөл дээр татварын бодлого шинэчлэх, татвар төлөлтөд хяналт тавих, татвар төлдөггүй тодорхой бүлэг байгаа. Сүүлийн үед онлайн худалдаа асар их эрчимжиж байна. Үүнийг дагаад онлайнаар явагдаж буй мөнгөний эргэлт ч нэмэгдэхийн хэрээр цахим залилан ч ихээр нэмэгдсэн. Энэ төрлийн худалдаа эрхэгчдийн татварын байдалд анализ хийсэн, судалгаа дүгнэлт хийх үү. Нэг ёсондоо татварын баазыг өргөжүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө.
Төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, хот гэж талцуулж ярьвал УБ хот маань төсвөө тануулчхаж магадгүй шүү. Зөв харьцуулах хэрэгтэй. Нийслэлд дангаараа 3 их наяд төгрөг байдаг шүү. Үүнийг бага хэмээн голж болохгүй. Ирэх жилийн хөрөнгө оруулалтын 27 хувь нь нийслэл хотод, цаад талын 63 хувь нь 21 аймагт хуваагдаж байгаа гэдгийг ойлгоорой.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25