2023.10.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Б.Энх-Амгалан: хүүхдийн эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангаруулах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хариуллаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Ямар үр тарина, тийм жимс хураана гэсэн үг бий. Хүүхэд бол манай нийгмийн толь.Тийм учраас юу сонсож, харна түүнийгээ даган дуурайна. Эх нь булингартай бол адаг нь булингартай. Манай нийгэм өөрөө хүүхдэд ээлтэй нийгэм мөн үү, биш үү гэдгээсээ бодох хэрэгтэй. Манай улсад 2,8 сая интернэт хэрэглэгчид байна. Үүний 1,5 сая нь хуурамч хаягтай. 300 мянга гаруй бүртгэлгүй дугаар байна. Нэг хүнд ногдох хэдэн телевиз байна. Хүнээсээ их мэдээллийн сувагтай. Кодоо өөрчилж болдоггүй дуртай юм үздэг. Хүүхдэд хориотой зүйл алга, дэлгэцийн хамааралтай хүүхдүүд маш их болсон. Бусдын толгой дээрх өвсийг харахаар өөрийнхөө толгой дээрх бухлыг хар гэдэг үг байдаг.
Иймд нийгмээ цэвэрлэх асуудал яригдана. Эх нь булингартсан энэ зүйлээ яаж цэвэрлэх вэ.Сургуулийн орчинд хүүхдүүдийг зүс царай, өмссөн зүүсэн байдлаар нь ялгаварлан гадуурхдаг зүйлийг яаж болиулах вэ. Сургалтын хөтөлбөр, заах арга барил зөв үү, буруу юу.Монгол хүүхдэд тохирч байна уу. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж ярьдаг. гэр бүлийн хүмүүжлийн асуудлыг сайн тавихгүй бол эцэг эх ямар байна, хүүхэд тийм болно. Сургуулийн орчинд бас гаргаж байна. Хүүхдийг зөв хүн болгох тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Олон улсын туршлага яриад хэрэггүй, эхлээд Монгол хүн бол, дараа нь дэлхийн хүн бол.Иймд Монгол аргаар хүмүүжүүлдэг, эцэг эх нь үлгэрлэдэг зүйлээ хийх хэрэгтэй.Нүгэлгүй бурхад бол хүүхдүүд. Иймд хүүхдийн эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангаруулах хэрэгтэй.Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бохир нийгмээ цэвэрлэж буруу зүйлд уруу татаж, бэлгийн буруу чиг хандлага руу татаад байгаа нөхдүүдийг цэвэрлэх хэрэгтэй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд болон ХНХ-ын сайд Х.Булгантуяа хариуллаа.