МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Мөнхсоёл: Манай улсын тогтолцооны гажуудал "чөтгөрийн тойргоос" үүдэлтэй
ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл
2023.10.25
Улстөр

Б.Мөнхсоёл: Манай улсын тогтолцооны гажуудал "чөтгөрийн тойргоос" үүдэлтэй

Жил хүрэхгүй хугацааны дараа монголчууд бид дараагийн төрийн түшээд болох парламентын гишүүдээ сонгох болно. Онцлог нь нэр дэвшигчийг сонгохоос гадна улс төрийн намд мандатаа атгуулан сонгох юм. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгууль их хариуцлага, хэрсүү байдлыг сонгогчдоос шаардана. Vip76.mn сайтаас таны сонгосон төрийн түшээ хэрхэн ажилласан талаар санал асуулгыг эхлүүлээд байгаа бөгөөд таны дараагийн сонголтод туслах үүднээс “Монгол төрийн түшээ” гэж хэн болох талаар улс төр судлаач, эрдэмтэн багш, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн ярилцлагыг хүргэж байна. Энэ удаад ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёлтой ярилцлаа.

-Монгол төрийн түшээ гэж ямар хүнийг хэлэх вэ?

Төрийн түшээ хүн асар их үүрэг хариуцлага үүрэх ёстой. Зөвхөн өөрийнхөө болон ойр дотнынхоо хүмүүсийн төлөө ажиллах биш, улс орны хөгжил, нийгэм, иргэдийнхээ сайн сайхны төлөө зарчимтай , өндөр ёс суртахуунтай ажиллах ёстой. Ийм байхын тулд  төрийн түшээ хүнд боловсрол, туршлагаас гадна хүмүүжил, ёс суртахуун чухал. Түүнчлэн ажил хийж туршлага хуримтлуулсан, хөдөлмөрийн амтыг мэдэрсэн, ачаалал даах чадвартай, нийгмийн эд эсийг бүрдүүлж буй иргэд  юу хүсэж байгааг мэддэг, үүний төлөө зөв, оновчтой бодлого боловсруулж, хууль эрх зүйн орчныг сайжруулж хэрэгжүүлэхийн төлөө мэдлэг, туршлага, сэтгэл зүрхээ зориулж чаддаг, бат суурьтай, ноён хуруутай хүмүүсийг төрийн түшээ гэж хэлнэ.

-Төрийн түшээ хүнд ямар зан чанар, чадварууд байх ёстой вэ?

Төрийн түшээ гэлтгүй хүн бүр л шударга, ёс зүйтэй, зарчимч, хариуцлагатай байх нь зөв.  Гэтэл сонгуулиас сонгуулийн хооронд нэр дэвшиж буй нэр дэвшигчид, өндөр албан тушаалд сонгогдож буй хүмүүс шударга ёсыг бий болгох, хариуцлагатай ажиллах, авлигатай тэмцэх гэх мэт олон нандин үгнүүдийг байнга ашигладаг ч бодит амьдрал дээр үг, үйлдэл хоёр нь зөрж, үйлдэлгүй байгаа учраас иргэдийн итгэл алдарсан. Үнэ цэнтэй үг үнэгүйдсэн. 

Иргэд нэг л их шударга зарчим ярьсан хүмүүс тэр чинь хаана байна гэж асууж байна. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж ардын зүйр үг бий. Гэтэл өнөөдөр “Үнэнээр яваад яг туулай гүйцэж чадах уу, үгүй ш дээ” гэж захын хүн хариулж байна. Харин заль мэхтэй, ямар ч аргаар хамаагүй ялж чадаж байвал тэр хүн хэн байх нь хамаагүй ухаантан болоод байгаа нь манай нийгмийн эмгэнэл. Хүнлэг чанар, зарчим, ёс суртахуун ярихад хэцүү болсон. 

Төрийн түшээ хүн асар их үүрэг хариуцлага үүрдэг. Өөрийн эрх ашгаас илүү, улс орны хөгжил, иргэдийнхээ сайн сайхны төлөө зарчимтай, өндөр ёс суртахуунтай ажиллах ёстой.

Уг нь төрийн өндөр албан тушаалд томилогдсон хүн нийгмийн сайн сайхны төлөө чадахаасаа чадахгүйгээ  хүртэл явах ёстой. Мэдэхгүй, шийдэж чадахгүй асуудалтай нүүр тулахад тухайн асуудлыг мэдэх экспертүүдээс асууж, зөв оновчтой бодлого гаргахын төлөө саад бэрхшээлийг давж, үр дүн гаргахын төлөө явах ёстой л доо. Гэтэл үр дүн гаргахын төлөө явж чадахгүй байна. Ачаалал даах чадвар муу, шалтаг, шалтгаан тоочиж орхидог, эсвэл анхнаасаа зорилго нь өөр худлаа ярьж тухайн албан тушаалд гарахыг зорьж тэр өндөрлөгт гарсан бол нэр төр, дараагийн гарах үр дагаврыг тооцоолохгүй улс орноо хохироож, эрээ цээргүй хандлага гаргаж байна. 

Тухайлбал, “ногоон автобус”-ны хэрэг дээр хариуцлагатай төрийн түшээд бол хэнээс, хаанаас, ямар төсвөөр хэдэн автобусыг хэзээ авчирч, иргэдийг хүртээмжтэй нийтийн тээврээр зорчих боломж олгож чадах эсэхт тооцоолол хийгээд зогсохгүй чанар, аюулгүй байдлыг хүртэл нарийн нягтлах нь тэдний үүрэг бас хариуцлага.

Гэтэл алдаа гаргаснаа мэдэж байсан уу, үгүй юу бүү мэд, иргэд ямар ч байсан мэдчихлээ. Тэгээд уучлалт гуйхдаа ч хангалтгүй байгаа нь өнөөдрийн нийгэмд ёс зүй, хариуцлага гээч зүйл дорд орсны шинж. Төрийн өндөр албан тушаалтнууд, иргэдийг төлөөлнө гэж гарсан УИХ-ын гишүүд, ИТХ-ын гишүүдэд ийм хандлага, зан чанар байж боломгүй. Манай улсад ийм байдал яагаад газар авчихсан бэ гэхээр бараг бүх хүмүүсийн мэдэж байгаачлан сонгуулийн системийн шударга бус, улс төр нь бохир байсаар “чөтгөрийн тойрогт” орж, гажуудсан, бугшисан системийг засалгүй цаг алдсаар…  

Энэ байдлаас гарахад их цаг хугацаа орно, хатуу чанд сахилга баттай шинэ гишүүд сонгогдох хэрэгтэй байна. Үгүй бол товчхондоо иргэд нь бухимдалтай, сэтгэл хангалуун биш, аз жаргалгүй амьдарсаар, ирээдүй хойчоо гадагш алдсаар үлдэнэ. Олон залуучуудын хувьд ирээдүй нь бүрхэг, тодорхойгүй, ажлын байр олдохгүй, олдлоо гэхэд цалин бага, тиймээс харийн орныг зорих шийдвэр гаргаж байна. Манай улс мэдлэг, боловсролтой хүмүүсээ үнэлж чадахгүй, боловсролтой боловсон хүчин нь гадаадад “хар ажил” хийж байгаа зэрэг нийгмийн олон асуудлын  эх үндэс нь нөгөөх л “чөтгөрийн тойргоос” хамааралтай.

Энэ тогтолцоог цогцоор нь өөрчилмөөр байдаг, гэвч дахиад л сонгуульд мөнгөний болон сүлжээний гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлнө. Ямар ч сайн бодлого яриад бүх шийдвэр улс төрчдөөс хамаарч байгаа учраас ажил урагшаа явахгүй байна. Иймд улс төр цэвэршиж , өөрчлөгдөж байж эрүүл макро эдийн засгийн бодлогыг бид ярина, эргээд эдийн засгийн хөгжил, иргэдийн орлого цалинг нэмэх боломж ч бүрдэнэ. 

-Иргэд өөрийгөө төлөөлөн ажиллах төрийн түшээгээ сонгохдоо юуг анхаарч сонголт хийх нь чухал вэ?

Иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, сонгуульдаа оролцож саналаа өгөх хэрэгтэй. Энэ бол иргэний таны улс төрийн оролцоо мөн. Таны амьдралд нөлөөлөх шийдвэр гаргах хүмүүсээ сонгоход та оролцож байна гэдэг нь улс төрд оролцож байна гэсэн үг. Улс төр бохир заваан гэж цэрвэж болохгүй, улс төр таны амьдралд хамаатай шийдвэрүүдийг гаргадаг. Арилжааны банкнаас авах зээлийн хүүг тодорхойлж, талхны үнэ, төлөх татварыг  чинь шийдэж байгаа учраас та мэдлэгтэй, хэрсүү байж, мэргэн сонголтоо хий. Харин сонголтоо хийхдээ зөвхөн сонгуулийн үеэр хэн нэгэн гарч ирээд гоё сайхан юм ярихаар түүнд нь хууртагдах биш, тухайн хүнээ судлах хэрэгтэй. 

"Миний хувьд тухайн хүнийхээ амьдралын замналыг судлаарай гэж захидаг"

Орчин үед хэн ч сошиалаас олон нийтэд таалагдах зүйлээ  хуулаад юуг ч өөрөө зохиосон мэтээр бичнэ, ярина.  Иймд тухайн хүнийхээ амьдралын замналыг судлаарай гэж миний хувьд  захидаг. Энэ хүн хэн бэ, ярьж байгаа зүйлийнхээ эзэн нь мөн үү,  ярьж байгаа зүйлээ хийж хэрэгжүүлэх чадвартай юу, амьдрал нь буруу хар мөртэй юу, үгүй юу гэх мэтээр судлах хэрэгтэй. Аль болох өөрийнхөө хэмжээнд судлаад зөв хүнээ сонго.

Завгүй амьдарч байгаа иргэд гэрт нь гоё зурагтай сонин сэтгүүл ороод ирэхээр энэ хүн гоё, сайхан царайтай юм байна, эсвэл энэ миний таньдаг хүн, “танихгүй бурхнаас, таньдаг чөтгөр” нь дээр гэх мэт хандлагаар сонголтоо хийдэг. Энэ бол маш буруу. Үүнээс болж олны танил л хүмүүсийг сонгочихдог. Магадгүй хүний хувьд сайн байж болно, гэтэл хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, бодлого гаргах түвшинд мэдлэг, чадвар туршлага дутдаг. 

Сонгогчдын боловсролыг тасралтгүй дээшлүүлэхэд Сонгуулийн ерөнхий хороо, улс төрийн намууд, улс төрчид, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн  асар их үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэж иргэдэд тэнцвэртэй, үнэн, зөв мэдээлэл өгч ажиллах хэрэгтэй. Залуучуудын сонгуулийн оролцоо бага байгаа нь төрийн байгууллагуудад, намууд, улс төрчдөд итгэл алдарсантай холбоотой. Та хэнд итгэдэг вэ гэсэн асуултад ойрын цөөн найз нөхөд, хамаатан садандаа итгэдэг гэсэн судалгааны үр дүн гарсан. Иргэдийн сонгуулийн оролцоонд  итгэлцэл, ойлголцол, мэдээллийн хүртээмжгүй байдал зэрэг олон асуудлууд мөн нөлөөлж байна. 

Иймд улс төрийг бохироос холдуулж, зөв, цэвэр, шударга явуулахгүй бол залуучууд үүнээс залхана, цэрвэнэ, надад хамаагүй гэж хандсаар л байна. Манай улсад өндөр настнууд сонгуульд идэвхтэй оролцож, залуучуудаас илүүтэй ирээдүйн бодлогыг тодорхойлох шийдвэр гаргагчдыг сонгодог. Улс төрд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх асуудал зөвхөн Монголд биш дэлхий нийтээр яригдаж байна. 

ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл

-Өнөөгийн парламентын онцлог, давуу болон сул талыг та юу гэж харж байгаа вэ? 

Сул тал их байна. Өнгөрсөн жилүүдэд ЖДҮДС, Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбоотой маш олон асуудал илэрлээ. Өмнөх парламентын үед ч энэ асуудал байсан. Гэхдээ энэ парламентад буруу зам мөртэй хүмүүсийг ахин сонгосон нь асуудал юм. Ийм хүмүүсээс хууран мэхлэлт гарах магадлалтай төдийгүй хариуцлагын механизм хувь хүнд болон системийн хувьд хангалтгүй. Монголын хөгжлийг ахиулаагүй, өрнөөс өрийн хооронд төсөв байнгын алдагдалтай ажилласан.

Харин сонгуулийн системийг өөрчилж холимог сонгуулийн тогтолцоог бий болголоо.  Гишүүдийн тоо нэмэгдсэнд хүмүүс янз бүрийн хандлагатай байгаа ч парламентын засаглал, ардчиллаа бэхжүүлэхийн тулд алхам хийж, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиа өөрчилсөн нь сайшаалтай.

Хуульд санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, улс төрийн намын дотоод арчдчилал, төлөвшлийг сайжруулах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог ахиулах гэх мэт олон дэвшилтэт заалт оруулсан нь сайшаалтай. Тухайлбал, тухайн улс төрийн нам эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлэхээс гадна, ялуулж чадах юм бол төсвөөс авах дэмжлэг нэмэгдэнэ.

Одоогийн парламентын гишүүдийн 13 нь буюу 17 хувь нь л эмэгтэй . Энэ нь нийгмийн 51 хувийг бүрдүүлэгч нэг хүйсийн төлөөллийн оролцоо бага байна. Архидалт, хүчирхийлэл, авлига, хүүхэд хамгааллын асуудал, гээд энэ нийгмийн бараан байдал нэмэгдэж байгаа нь, эдийн засаг хямралтай, бизнесийн орчин таагүй байгаа зэрэг нь эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшний оролцоо бага байгаатай холбоотой. ХҮН нам сонгуулийн 50 хувийн квотыг эмэгтэйчүүддээ олгохын төлөө ажиллаж байна. Мэдээж эмэгтэйчүүдээ бэлдэх шаардлага бий. Улс төр хатуу, эмэгтэйчүүд зориглож, зорьж орж ирэх нь харьцангуй бага ч дэмжиж зорьж байна.

-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Иргэдэд төсвийг хянах боломж байна уу?

Төсвийг алдагдалгүй баталъя, төсвийн тодотгол хийхгүй байя гэж олон жил ярьсан, хэрэгжээгүй. Энэ удаагийн төсөв сонгуулийн жилд зориулсан төсөв боллоо гэж харж, ярьцгааж байна.  2024-2026 оны төсвийн хүрээний мэдэгдлээсээ зарүүтэй буюу ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого, төсвийн зарлагыг мэдэгдэлд баталснаас 19 хувиар тус бүр нэмэгдүүлэн тооцжээ. 

Өөрөөр хэлвэл, төсвийн хүрээний мэдэгдэлд орлогыг 21,16 их наяд төгрөгөөр тооцсон байсан нь 25,29 их наяд төгрөг болж нэмэгджээ. Энэ нь өөрөө хуулиа зөрчиж байна гэсэн үг.. Мөн зардал 5,1 их наяд төгрөгөөр өссөн нь өөрөө нэгийг хэлж буй бизээ. Төсвийн тогтвортой байдлын хуулинд тусгагдсан төсвийн дүрмүүдээ барьж буй мэтээр тоогоор мөн “тоглож” байна гэж шүүмжлэхүйц байна.

Иргэд төсөв батлахаас эхлээд хэрэгжих хүртэл бүх үе шатуудад хяналтаа сайн тавих хэрэгтэй. Төсөв өөрөө том тоо, олон задаргаатай, иргэд хянахад их төвөгтэй. Иймд иргэдэд мэдээллээ өгөөжтэй, ойлгомжтой өгөх хэрэгтэй. Төрийн бус байгууллагууд энэ чиглэлээр ажилладаг ч санхүүжилтээс үүдэлтэй тууштай ажиллаж чадахгүй байна. Иргэдийн хувьд ойлгомжтойгоор нь орон нутгийн төсөв дээр дуугарч буй нь ажиглагддаг. Энэ сайн хэрэг. Төсөвт иргэдийн хяналт маш чухал, “хоточ нохойн” үүргээ хариуцлагатай хийх хэрэгтэй, тэгж байж үр дүн гарна, хариуцлага тооцно.

-Та сонгогч иргэний хувьд өөрийн сонгох төрийн түшээдээ ямар шалгуур тавьдаг вэ?

Төрийн түшээ хүн хариуцлага үүрэх чадвартай, мэдлэг боловсролтой, хүмүүжилтэй, наад зах нь 10-15 жил ажил хийж байсан туршлагатай байх хэрэгтэй. Мөн бусдын төлөө сэтгэлтэй, өөрийнхөө хийх гэж буй ажлаа бусдад ойлгуулж чаддаг, иргэдийн юу хэлж байгааг ойлгож хүлээн авах чадвартай гэх мэт зөөлөн ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй гэж боддог. Миний охин 10 настай байхдаа “УИХ-ын гишүүдээс сонгуульд нэр дэвшихэд нь шалгалт аваад тэнцсэн  хүнийг сонгож болох уу. Муу сурдаг хүн сонгогдвол  улс орон маань улам л ядуурч, хөгжихгүй юм биш үү” гэж асууж байж билээ. Аравхан настай хүүхэд ингэж сэтгэж байна.

Бид шалгалт авч чадахгүйгээс хойш улс төрийн намууд нэр дэвшигчиддээ зөв шалгуурууд тавьж, чадамжтай шилдгүүдээ нэр дэвшүүлэх ёстой. Шалгуур өндөр хүмүүсийг сонгоход сонгогчид ч сайн оролцоотой байж чанартай сонголт хийх хэрэгтэй. Энэ эрэлт хэрэгцээнд нийцэх чадварлаг, хатуу шаардлага хангасан хүмүүсийг сонгохын тулд улс төрийн намууд төлөвших цаг болсон, харилцаа, ашиг хонжоонд суурилсан гажууд тогтолцоог өөрчилж байж л иргэдийн сайн сайхан амьдрал, улс орны хөгжил яригдана.

Баярлалаа. Танд амжилт хүсье.

 

ШИНЭ МЭДЭЭ