Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Тавантолгой” ХК-д ажиллав
2023.10.30
Эдийн засаг, Худалдаа

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Тавантолгой” ХК-д ажиллав

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 24 дүгээр тэмдэглэлийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаа нар 2023 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд “Тавантолгой” ХК-д ажиллав.

"Тавантолгой” ХК нь 2022 онд 10.83 сая метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, 2.8 сая тонн нүүрс борлуулан, нийт 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 331.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 296.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Харин 2023 оны 10-р сарын 25-ны өдрийн байдлаар 11.3 сая метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, 2.4 сая тонн нүүрс олборлосноор бизнес төлөвлөгөөний биелэлтийг 80 гаруй хувьтай хэрэгжүүлээд байна.

Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” батлагдсаны дагуу нүүрс экспортыг цахим биржээр борлуулах ажлыг Монголын хөрөнгийн биржтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын байдлаар 1.2 сая тонн нүүрсийг 182.6 сая ам.доллараар амжилттай арилжаалсан байна.

Цаашид компанийн санхүүгийн сахилга бат, хариуцлага, үр ашгийг сайжруулах, өртөг зардлыг бууруулж, бүтээмж, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цахим биржээр нүүрс борлуулах ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл, зөвлөмж өгч ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ