“Бид - ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аян нээгдлээ
2023.10.30
Эдийн засаг, Худалдаа

“Бид - ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аян нээгдлээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ чиглэлээр төр, засгийн гаргаж байгаа бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Бид – ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аяны нээлт боллоо.


Аяны нээлтийн арга хэмжээний үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ “… Монгол Улсын Засгийн газраас “2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа. Үүгээрээ Засгийн газар нийтийн алба, нийтийн албан тушаалтны үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, авлига, хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх, энэ ажилд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг хангаж, нийтийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулахад бүх нийтийн анхаарлыг хандуулж байна.

Энэ жилийн хүрээнд холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу манай байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлж, Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа “Авлигын эсрэг НЭГДЬЕ” аянтай уялдуулан өөрийн байгууллагын хэмжээнд тодорхой ажлуудыг хийхээр аян зарлаж, удирдамж, төлөвлөгөө гаргаад байна. Энэ хүрээнд авлигын эсрэг, ашиг сонирхлоос ангид байх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг албан хаагчдын дунд зохион байгуулж, тэдний идэвх, оролцоог нэмэгдүүлэхээс гадна олон нийт, харьяа байгууллагуудад хандсан нөлөөллийн ажлуудыг хийх нь тодорхой үр дүн авч ирнэ гэж харж байгаа…” гэж аяны онцлогийн талаар ярилаа.

Аяны нээлтийн арга хэмжээнд уг ажлыг дэмжиж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, тус хэлтсийн ажилтан, комиссар н.Сүрэнжав нар оролцож, мэдээлэл хийв.


“Бид – ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяны хүрээнд байгууллагын хэмжээнд аливаа хэрэг, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ёс зүйг хангах, албан хаагчдын гүйцэтгэл, хариуцлагыг дээшлүүлэх, энэ чиглэлээр уялдаа холбоог хангах, спортын нэгдсэн өдөрлөг, тэмцээн уралдаан зэрэг нөлөөллийн ажлуудыг “Авлигын эсрэг НЭГДЬЕ” уриан дор нэгдэж, зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ ажлуудыг хэлтэс, албан хаагчдын өөрсдийн оролцоо, идэвх санаачилгыг өрнүүлж, бүтээлч хэлбэрээр зохион байгуулах юм байна. Мөн “Авлигын эсрэг НЭГДЬЕ” урианы дор зохион байгуулагдах “Бид – ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяны хугацаанд тодорхой ажлуудыг санаачлан хийж, идэвхтэй оролцохоо хэлтсийн дарга нар илэрхийлж, үг хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ