2023.11.01
Эдийн засаг, Худалдаа
Төрийн өмчит зарим компанийн албан хаагчид аянд нэгдлээ
2023.10.31-нд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “БИД-ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭСЭН, АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД ХАМТ ОЛОН” аяны хүрээнд харьяа байгууллагуудад хандсан нөлөөллийн ажлыг "Монголын цахилгаан холбоо" ХК, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, "Монгол Шуудан" ХК-ний албан хаагчдыг оролцуулж, өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Уг нөлөөллийн арга хэмжээг нээж ТӨБЗГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд үг хэлсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар “Шударга ёс, үнэт зүйл” сэдвээр сонирхолтой лекц уншиж, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн үндсэн агуулга, үзэл санаа, суурь зарчмуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
УИХ-ын 2023 оны 59 дүгээр тогтоолоор шинээр батлагдсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" нь 2030 он хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийгэмд шударга ёсыг тогтооход саад учруулдаг "адармаатай асуудал"-уудыг шийдвэрлэхдээ системийн өөрчлөлтийг дэс дараатайгаар хийж хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй талаар бодит кейс дээр тулгуурлан харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм.
"Авлигатай тэмцэх жил"-ийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулагдаж буй тус нөлөөллийн аянд дээрх гурван байгууллагын нийт 150 гаруй албан хаагчид танхимаар болон цахимаар оролцлоо.