МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
2023.11.05
Улстөр

Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, хатагтай Шэнь Миньжюанийг Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсон явдалд баяр хүргэхийн сацуу хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлж, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж байгаа нь хөрш орнуудын найрсаг харилцааг олон талт салбарын хүрээнд бэхжүүлэн хөгжүүлэхэд нэн таатай үе хэмээн үзэж буйг онцоллоо. Түүнчлэн Монгол-Хятадын парламентын бүлгийн даргын хувиар хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч буйг дурдаад ирэх онд тохиох Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулсны 10 жилийн ойн хүрээнд харилцан санал солилцлоо.

Элчин сайд Шэнь Миньжюань хөрш орнуудын найрамдалт харилцаа бүх шатанд гүнзгийрэн хөгжиж, бодит үр дүн, дэвшлүүд гарч байгаа нь сайшаалтай гэж онцлов. Ялангуяа цар тахлаас хойш эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, одоогийн байдлаар худалдааны эргэлт 30 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь хоёр улсын төрийн тэргүүний тавьсан хамтын зорилтод хүрэхэд ойрхон байгаагийн илрэл мөн гэлээ. Ирэх онд Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиох юм. Тэгш ойг угтан, манай хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахын тулд цахим хөгжил, ногоон ирээдүйд чиглэсэн зорилтот шинэ салбаруудад идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Уулзалтын үеэр, Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизмын ээлжит уулзалтыг ирэх онд зохион байгуулах талаар санал солилцож, Байнгын хороод, Найрамдлын бүлэг болон Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр зөвшилцөв. Мөн энэ үеэр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өгсөн материаллаг тусламжийн актад гарын үсэг зурлаа.

ШИНЭ МЭДЭЭ