МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Цогтбаатар: Мөнгө босголгүйгээр сонгууль болно гэж байхгүй
2023.06.16
Улстөр

Д.Цогтбаатар: Мөнгө босголгүйгээр сонгууль болно гэж байхгүй

УИХ-ын гишүүн Д.Цогбаатартай УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэг хүйсийн квотыг 40 хувь байлгах талаар нийгэмд олон талцал өрнөж байна. Та эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийг хувьдаа дэмждэг гишүүдийн нэг. Квотыг нэмэгдүүлснээр ямар өөрчлөлт гарах вэ?

-Би квотыг нэмэгдүүлэх нь зөв гэж бодож байна. Ер нь томоохон өөрчлөлт хийе гэж бодож байвал энэ харин томоохон өөрчлөлт шүү. Саяхан бид нар Алтай дамнасан тогтвортой хөгжлийн хурал хийлээ. Тэр хурал чинь жендерийн тэгш байдлын тухай хурал. Баахан гаднынхныг урьж авчирчхаад зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй. Өнөөдөр хурдтай өөрчлөгдөж буй дэлхийд зөв өөрчлөлтийн манлайд явж байх хэрэгтэй. Олон юмны манлайд бид явах хэцүү. Тэгвэл явж болох зөв зүйлийнхээ манлайд явж байх ёстой. Хоёрдугаарт, бид гаднынхны дэмжлэг, тэдэнтэй хамтарч ажиллахгүйгээр хурдацтай хөгжлийн тухай ярих боломжгүй.  Гадаад нөхцөл байдлаа орхилоо гэхэд бид цөөхүүлээ. Ажиллах хүчнийхээ нэг хэсгийг аль болох гүйцэт татан оролцуулж байж улс орон хөгжинө. Бид саяхан олон улсын хурал дээр жендерт суурилсан хүчирхийллийн тухай илтгэл танилцуулга хийсэн. Түүнийг эрчүүд уншиж үзмээр юм билээ.

Ардчилал, хүний эрх хөгжөөд 30-аад жил болоход 2017 онд л бид анх гэр бүл хүчирхийллийн асуудлаар НҮБ-ын байгууллагаар санхүүжүүлж судалгаа хийлгэсэн юм билээ. Уг судалгаанд хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэсэн дүн гарсан. Гэр бүл, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн онцлог нь ихэнх нь тохиолдолд тэд ярьдаггүй.  Цаанаа тэрнээс их байгаа гэсэн үг. Энийг өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэвэл эмэгтэйчүүд хамгийн доод түвшнээсээ авхуулаад өндөр түвшинд  тэд оролцож, анхаарч байж өөрчлөлт бий болно. Эрчүүд сайн муудаа биш зарим асуудлыг анзаардаггүй юм байна.

Бүгдээрээ Монголд хүний эрх сайхан байна,  гудамжинд үгээ хэлэх эрх чөлөөтэй байгаа учраас хүний эрх болчихлоо гэж ойлгоод байдаг. Гэтэл хамгийн чимээгүй буланд хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Ийм шударга бус байдалтай эвлэрээд яваад байх уу. Нөгөө талаар өнөө цагт эмэгтэйчүүд, эрчүүдээс илүү боловсролтой байна.  Хувийн салбарт, төрийн салбарт ч тэр албан тушаал ахихад хэд дахин хүчин чармайлт гаргаж илүү мэдлэгтэй байж эрэгтэй хүнтэй адилхан түвшинд байна. Энэ чинь шударга биш шүү дээ. Энийг өөрчлөх ёстой гэж бодож байна.

-Сонгуулийн тухай хуульд тусгагдсанаар жагсаалтад нэр дэвшигчид  намдаа хандив өгдөг байдлыг хуулиар нээгээд өгчихлөө шүү дээ?

-Өшөө зөндөө асуудал гарч ирнэ. Эхнээсээ л жагсаалт нээлттэй ил тод байж чадах уу, хамгийн нэр цэвэр гоё хүмүүсээ дэвшүүлнэ гэсэн.

Гэтэл Үндсэн хууль батлагдаад 200 цаг бололгүй жагсаалт зарагдаж байна ч гэх шиг яриа гарч эхэлж байгаа биз дээ.

Жагсаалтын эрэмбэ зарагдаж байна гэнэ үү, нам зарагдлаа гэдэг хоёр төрлийн ноцтой мөнгөн хуваарилалтын, улс төрөөр бизнес хийх асуудал сонгуулиас  өмнө яригдаж байна. Энэ мэтчилэн сул талууд гарч ирнэ. Харин сонгууль бол тодорхой хэмжээгээр мөнгө босгож байж явна. Том, жижиг нам ялгаагүй. Хүмүүс мөнгөгүй сонгууль гэж яриад байгаа. Тийм диваажингийн юм байхгүй.  Ардчилсан тогтолцоотой улс орнуудад мөнгө босголгүйгээр сонгууль болно гэж байдаггүй.

Наад зах нь зурагт телевизээр гарахад чинь нам өөрийнхөө сурталчилгааг цацуулна шүү дээ. Тэр нь минут секунтээр хэмжигдэнэ. Мөнгө, санхүүжилт босгох нь зүй ёсны хэрэг. Хамгийн гол нь ил тод байх хэрэгтэй. Тэгж байж мөнгөний улс төр багасна.  Мөнгөний сонгууль алга болно гэдэг ойлголт байхгүй. Яагаад гэвэл зах зээлд сурталчилгаа хийлгэхэд та нар үнэгүй хийж өгөхгүй биз дээ? Хэвлэх үйлдвэрт очоод хэвлүүлэхэд хэн ч үнэгүй хийж өгөхгүй. Тэгэхээр чөлөөт зах зээлд үйлчилгээ авахдаа төлбөр төлнө. Мөнгө босгох процесс ил тод байх хэрэгтэй.

-Жагсаалтад нэр дэвшигчдэд ямар шаардлага тавих вэ. Нам жагсаалтад авлигаас ангид нэр цэвэр хүмүүсээ дэвшүүлж байж тогтолцооны өөрчлөлт гарна гэдгийг сүүлийн үед их ярих боллоо? 

-Хүний гишгэсэн ул мөр, гар, сэтгэл цэвэр байх шаардлага бол жагсаалт, тойргийн нэр дэвшигчээс үл хамааран адилхан байх ёстой. Энэ дээр ялгаварлал гаргаж болохгүй.

Би чуулган дээр ч хэлсэн. Жагсаалт гэдэг ямар угаалгын машин уу. Тэндээ орчихоор цэвэрхэн байдаг, тойрог дээр дэвшиж байгаа нь бохир хүмүүс юм уу. Өнөөдрийг хүртэл жагсаалтад бүгдийг нь цэвэр гээд дэвшүүлж ирсэн. Гэхдээ амьдрал дээр нөхцөл байдал өөрчлөгдөх тохиолдол бий шүү дээ. Урьд нь  2012 онд жагсаалтаар гишүүд орж ирж байхад би асууж байсан. "Тэр жагсаалтад орж ирсэн хүмүүс чинь асуудалд орж байгаагүй хүн байхгүй юм уу? Энэ тооцоо чинь байна уу" гэж байлаа. Жагсаалтын тогтолцоотой латин америкийн орнууд бүгд пропорциональ тогтолцоотой.

Тэнд авлига байдаггүй юм уу? Тэнд авлига их бий шүү дээ. Пропорциональ системийн онцлог нь нийгмийн оролцоог ахиу болгодог  болохоос биш авлигатай ерөөсөө хамаагүй. Тэр чинь тусдаа эрүүгийн хуулийн асуудал байхгүй юу. Сонгуультай, сонгуульгүй авлига байсаар ирсэн. Хуучин социалист орнуудад нэг шил архиар авлигадаад юм аа хийлгэдэг байсан биз дээ. Тэр чинь авлигын нэг хэлбэр. Сонгуулийн тогтолцоотой хамаагүй байхгүй юу. Манайхан хамаатай юм шиг яриад байгаа нь  буруу. Тусдаа асуудал.

-Энэ удаагийн төсвийн тодотголоор цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр оруулж ирлээ. Эдийн засагчдын зүгээс богино хугацааны орлогоо шууд зарцуулах нь эдийн засагт хор хохиролтой талаар хэлж байна. Та энэ удаагийн төсвийн тодотголд ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засгийн өсөлт бий болж байна гэдэг нь  цаанаа баялаг бий болж байгаагийн шинж. Энийг дагаад мөнгөний нийлүүлэлтийг өсч байгаа хэмжээгээр нь нийлүүлбэл инфляцад нөлөөлөхгүй. Ерөөсөө л эдийн засгийн онол чинь энэ шүү дээ. Иргэд инфляци, үнийн өсөлтөд дарлагдсан энэ үед цалинг нэмэх хэрэгтэй. Бүр нэмэхгүйгээр орхих юм бол сөрөг тал руу орно. Хүмүүс юм худалдаж авахгүй болоод ирвэл бизнесүүд унана биз дээ. Тиймээс бодлоготойгоор сайн тооцож байгаад тодорхой хэмжээнд цалин тэтгэврийг нэмэх нь зөв. Ардаа эдийн засгийн өсөлтөө үнэхээр анхаарч байх ёстой. Бодлогын хүүгээ анхаарах ёстой.  Нөхцөл байдал эмзэг хэвээр байна.  Одоо энэ байгаа чинь хэмнэлтийн төсөв шүү дээ. Цаад агуулгаараа хэмнэх үзэл бодолтой ороод ирсэн төсөв. Гэтэл одоо эдийн засаг тэлээд эхэлж байгаа бол цаашдаа бид өсдөг баялагтаа яаж хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх вэ. Цалин хөлс гэдэг бол хэрэглэдэг талдаа мөнгөө хуваарилж байна гэсэн үг. Тэгвэл жижиг дунд бизнесээ хөгжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх тал дээр дараагийн удаа хөрөнгө оруулалтаа яаж нэмэгдүүлэх үү. Энэ дээр банк санхүүгийн бодлого, хүүгийн бодлого яаж явах уу гэдгээ анхаарах ёстой. Тэрийг одоо бодсон байх ёстой.

Эдийн засаг өсөөд эхэлчихсэн байна. Өсөлтөд таарсан тохиргоог хэмнэлтийн суурь төсөвтөө хийхгүй бол оройтно.

ШИНЭ МЭДЭЭ