МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай албан уулзалт хийв
2023.11.16
Гадаад харилцаа

БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай албан уулзалт хийв

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Монгол-Солонгосын парламентын бүлгийн даргаар ажиллаж байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин Сайд Ким Жун Гү-тэй албан уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны цаашдын чиг хандлага, УИХ дахь парламентын бүлгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Элчин сайд хоёр орны стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, бизнесийн төсөл хөтөлбөрүүд дээр хамтын ажиллагаагаа илүү хөгжүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн нийслэл хотын агаарын чанарыг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой талаар дурдсан байна.

Монгол Улсын иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол иргэд БНСУ-д очоод хил нэвтэрч чадахгүй нутаг буцаж байгаа талаар тодруулж, анхаарч ажиллахыг хүссэн бөгөөд Элчин сайд Монгол иргэд БНСУ-д нэг жилийн олон удаагийн визний нөхцөлийг хөнгөвчлөх талаар судалж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр БНСУ-д ажиллах хүчний Монгол Улсад ногдох 1400 иргэний квотыг бүрэн ашиглаж чаддаггүй, жилд дунджаар 900 иргэн ажиллахаар очдог.

Үүнд салбарын яам, холбогдох байгууллагын зүгээс мэдээ мэдээллээр иргэдийг хангаж ажиллах талаар мөн Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр яригдсан 1000 эмч, сувилагчийг БНСУ-д сургах ажлын явцын талаар, БНСУ-д ажиллаад эх орондоо ирсэн иргэдийн ур чадвар, туршлагыг ашиглах чиглэлээр удирдлага зохион байгуулалтыг хангаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой талаар санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ