Монгол-Америкийн хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцлоо
2023.11.23
Зам, Тээвэр

Монгол-Америкийн хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанган болон албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт хэлэхдээ "Энэ оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаар хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь түүхэн үйл явдал" гэдгийг онцлон тэмдэглээд Монгол-Америкийн хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцлоо.

Дээрх хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болно гэдгийг талууд уулзалтын үеэр илэрхийлээд, 2024 оны тавдугаар сард энэхүү нислэгийг амжилттай эхлүүлэхэд талууд хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаар ярилцлаа.

Ташрамд дурдахад, энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр тал томилогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан байнгын харилцаа холбоотой ажиллаж, тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх боломжтой юм.

Тухайлбал, аюулгүй, найдвартай, үр бүтээмжтэй, тогтвортой, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн нөөц бололцоо, туршлагыг уялдуулж, бүх төрлийн тээврийн харилцан сонирхсон гол асуудлаар тээврийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Энэ хүрээнд авто зам, хурдны авто зам, төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлөөр АНУ-тай хамтарч ажиллах юм

ШИНЭ МЭДЭЭ