МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭЗБХ: Байнгын хорооны даргыг улируулан сонгохыг дэмжиж, УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2023.11.23
Улстөр

ЭЗБХ: Байнгын хорооны даргыг улируулан сонгохыг дэмжиж, УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.22) хуралдаан 14 цаг 39 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус Байнгын хорооны даргыг улируулан сонгох тухай саналаа танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Байнгын хорооны бүрэлдэхүүн” гэсэн 26 дугаар зүйлийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Ц.Цэрэнпунцагийг Байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах санал оруулж буйг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нь 1988 онд Завхан аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1997 онд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг тус тус төгссөн. 2013 онд АНУ-ын Домминикан их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 1999-2020 он хүртэл хувийн хэвшил “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм байна.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс гаргасан танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаан оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав. Ажлын хэсэг арван нэгдүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн заалтыг гүйцээн боловсруулж, зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг ийнхүү хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв

ШИНЭ МЭДЭЭ