Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
“Парламентын хяналтыг бэхжүүлэх нь” салбар хэлэлцүүлэг боллоо
2023.11.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Парламентын хяналтыг бэхжүүлэх нь” салбар хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Хүний эрхийн үнэлгээний салбар хэлэлцүүлэг өнөөдөр (2023.11.22) “Парламентын хяналтыг бэхжүүлэх нь” сэдвээр үргэлжиллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир “Парламентын хяналтыг бэхжүүлэх нь” сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ хэмээн зааж өгснийг танилцуулгынхаа эхэнд онцолсон юм. Иймд Улсын Их Хурлын хяналт шалгалт нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хангуулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгааг хангах, нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах, иргэд шууд болон өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт оролцох эрхийг хангах зорилготой. Түүнчлэн, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын төсөв, төсвийн гүйцэтгэлийг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д нийцэж байгаа эсэхийг хянах; төсөв, төрийн санхүүгийн удирдлагын хяналтын байнгын тогтолцоо бүрдүүлэх, тэдгээрийн үр нөлөөг сайжруулах; хууль хэрэгжүүлэх явцад төрийн байгууллагын үйл ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудлыг тогтоох, Улсын Их Хурлын хяналт шалгалтын явцад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах замаар төрийн удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх; хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, судлан шинжлэх байнгын тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах, боловсронгуй болгох зорилготойг тэмдэглэсэн юм.

2021 онд Улсын Их Хурлаас парламентын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг батлан гаргасан байна. Тус хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ асуулт тавих; асуулга тавих; хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх; мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх; төсвийн хяналт; хяналтын сонсгол хийх; хянан шалгах түр хороо байгуулах гэсэн 7 арга хэрэгслээр хэрэгжүүлэхээр заасан байна.

Эдгээр арга хэрэгслүүд нь Засгийн газрын бодлого, шийдвэр, үйл ажиллагаа хүний эрх, эрх чөлөөг хангаж буй эсэхэд хяналт тавихад чиглэгдсэн ба асуулт, асуулга тавих, тайлан илтгэл, мэдээлэл хэлэлцэх, хүний эрхийг хангахтай холбоотой хяналтын сонсгол хийх зэрэг олон төрлийн хяналтын механизмуудыг багтааж байдаг аж.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль батлагдсанаас хойш 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Хүний эрхийн асуудлаар Улсын Их Хурлын 9 гишүүнээс 4 асуулт, 20 асуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагуудад хандаж тавьсан байна. Эдгээрээс 6 асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар, 1 асуултын хариуг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна.

Улсын Их Хурлын түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхдээ Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газар (ХШҮГ)-аас Хууль тогтоомжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” ашигладаг байна. Хууль санаачлагчаас хуулийн төсөл боловсруулахдаа тус хуулийн төслийн хүний эрхэд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцсон эсэхийг үнэлэхэд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 24-ний 187 дугаар захирамжаар “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлал”-ыг батлан мөрдөж байгаа аж. Энэ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газраас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийсэн байна. 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Инновацийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль , Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн сүүлийн 10 жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төслийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийгдэж байгаа аж.

Мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх, тэдгээрт хяналт шинжилгээ хийх хүрээнд Улсын Их Хуралд хүний эрхийн асуудлаар 2 асуудлыг хэлэлцүүлсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуудал;У лсын Их Хурлын БСШУСБХ, НББХ хамтарсан 2023 оны 04 зүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалтын талаарх асуудал” хэлэлцүүлжээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль шинэчлэн батлагдсанаас хойших хугацаанд тус Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19-22 дахь илтгэлийг бэлтгэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргуулсан байна. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16.1-д заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2021 оны 20 дахь илтгэл, 2022 оны 21 дэх илтгэлд тус тус шинжилгээ хийсэн байна. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагааг дагнан эрхлэх Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй болсны дагуу тус гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2022 оны тайланд шинжилгээ хийжээ.

Хяналтын сонсгол хийх хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу нийт 15 удаа хяналтын сонсгол зохион байгуулснаас Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой 3 удаагийн хяналтын сонсголыг зохион байгуулсан байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны “Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь хэсэгт заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах” сэдэвт Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2023 оны 07 дугаар сарын 05-нд зохион байгуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор уг хороог заавал байгуулна. Улсын Их Хурал хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр нэн даруй хэлэлцэж, хянан шалгах түр хороог байгуулах тогтоол батална хэмээн зохицуулжээ.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд нийт 56 хяналт шалгалтын ажил хийгдсэнээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр Хянан шалгах түр хороо, Түр хороо, Ажлын хэсгүүд байгуулагдан ажилласан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо”, Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо”, Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Түр хороо байгуулах тухай” 48 дугаар тогтоол байгуулагдсан “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо” байгуулагдсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаар тогтоолоор 243 зорилт бүхий "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр"-ийг баталснаас хойш 20 жил өнгөрч байгаа ч энэ хугацаанд хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ, түргэвчилсэн үнэлгээг тус бүр нэг удаа хийсэн байна. Анх 2011 онд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээг үндэсний хэмжээнд өргөн далайцтай хийсэн боловч зорилт тус бүрийн хэрэгжилтийн мэдээллийг харах боломжгүй байв. Тус хөтөлбөр хэрэгжээд 20 жил болж буй ч үндсэндээ 10 гаруй жилийн хугацаанд хэрэгжилтийг хариуцах бүтэц алдагдаж, зохион байгуулалтгүй явж ирсэн нь хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байх үндэс болжээ.

Мөн 2022 оны 4-10 дугаар сард Стратеги Академи ТББ-ын зүгээс Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр хэрэгжсэн талаарх түргэвчилсэн үнэлгээ хийж, 2022 оны хагас жилийн байдлаар 243 зорилтоос хэрэгжсэн 26, хэрэгжилт ахицтай 63, хэрэгжилт удаашралтай 83, хэрэгжилт муу 71 хэмээн үнэлсэн байна. Өдгөө Хүний эрхийг хангах Үндэсний Хорооны санаачилга, шийдвэрийн дагуу Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийн төслийг шинэчлэн боловсруулж Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байгааг сайшааж байгаагаа илэрхийллээ.

“Алсын хараа - 2050”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд хүний эрхийг хангах, хамгаалах бодлого, зорилтуудыг тусгасан. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын 6 төрлийн зорилтот хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлэхээр тусгажээ. Засгийн газраас эдгээр хөгжлийн 6 зорилтот хөтөлбөрийн хүрээнд 28 зорилго, 95 зорилт, 374 үйл ажиллагааг томьёолон тусгасан төслийг 2022 оны 07 дугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч хэлэлцүүлгийн шатанд дахин боловсруулалт хийхээр буцаан татсан байна. Эдгээр зорилтот хөтөлбөр тус бүр нь Хүний тухайлсан эрхийг хангах, хамгаалах чиглэлээр нарийвчилсан тодорхой бодлого, зорилт дэвшүүлэх, үр нөлөө үзүүлэх боломжтой. Ялангуяа хүний хөгжлийн болон засаглалын зорилтот хөтөлбөрүүд нь хүний эрхийг хангах, хамгаалахтай шууд холбогдолтой тул дахин өргөн мэдүүлж хэлэлцүүлэх, батлагдсаны дараа хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд Улсын Их Хурлаас хяналт тавьж ажиллах ёстой гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, хууль батлагдсанаар дээрх үр дүн гарч, хүний эрхийн хяналтыг бэхжүүлэх арга механизм сайжирсан. Хяналтын уламжлалт арга хэрэгслээс гадна хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх; төсвийн хяналт хийх; хяналтын сонсгол хийх зэрэг шинэлэг арга хэрэгслүүдийг ашиглаж эхэлсэн нь дэвшил болсон хэмээн дүгнэсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулгын дараа асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан, 2003 онд Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөр батлагдсанаас хойш 20 жилийн хугацаанд гарсан онцлог дэвшил, сургамжийн талаар тодруулж асуулаа.

Асуултад, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн зөвлөх Ж.Монголжингоо, 2003 онд Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг баталснаас хойш хүний эрхийг хангахтай холбогдсон эрх зүйн баримт бичиг, механизмыг бүрдүүлэх зорилгоор олон хууль, тогтоомж, бодлогын баримт бичиг гарсан. Бүтэц тогтолцооны хувьд ч бэхжүүлж ирсэн. Тухайлбал, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 355 дугаар тогтоол батлагдаж, Хүний эрхийг хангах үндэсний хороо байгуулагдсан. Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагааг хуулиар зохицуулдаг болсон, хүний эрх, эрх чөлөөний тайлан, илтгэлийг Улсын Их Хурлын чуулганаар заавал хэлэлцдэг болж, өгсөн зөвлөмж, шаардлагыг заавал биелүүлдэг, эс биелүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхээр зааж өгсөн. Хүний эрхийн Үндэсний Комисс бэхжиж зарчмын өөрчлөлт, ахиц гарсан. Тухайлблал, ХҮЭК-ийн илтгэлийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар заавал хэлэлцдэг болсон. Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийг баталснаас хойш хэрэгжилтийн үнэлгээг хоёр удаа хийсэн. 2022 онд хийсэн хэрэгжилтийн үнэлгээнээс харвал хөтөлбөрийн 22 заалт хэрэгжиж, 63 заалт хэрэгжилт ахицтай, 83 заалт хэрэгжилт удаашралтай, 71 заалт хэрэгжилт муу гэсэн үнэлгээтэй гарсан. Өнөөдрийг хүртэлх 20 жилийн хугацаанд хүний эрхэд суурилсан жендэрийн мэдрэмжтэй хууль, тогтоомж батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихад Хууль, тогтоомжийн тухай хууль том дэмжлэг болсон. Хууль тогтоомж боловсруулахдаа хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хандах ёстой бөгөөд энэ харилцааг зохицуулахад тандан судлах үнэлгээг хийдэг болсон. Энэ хуулийг дагалдан Засгийн газрын 59 дүгээр тогтоолоор 6 аргачлал батлагдсан бөгөөд энэ тогтоолын 3 дугаар хавсралтаар тухайн харилцааг зохицуулах хууль тогтоомж шаардлагатай эсэх тандан судалгаа хийхдээ хүний эрхийн мэдрэмжтэй байгаа эсэхэд үнэлгээ хийдэг болсон. Харин энэхүү үнэлгээний аргачлалыг сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэлээ.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, 2003 онд Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийг баталсан нь чухал алхам болсон гээд харамсалтай нь 2012 оноос хойш энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг механизм бүтэц байхгүй болсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд мониторинг хийгдээгүй, харин үнэлгээ хийгдсэн. Хөтөлбөрт туссан хүний эрхэд хамааралтай хэд хэдэн ажлууд бүрэн биелсэн. Ялангуяа, эрх зүйн орчныг бүрдүүлэх, бэхжүүлэх, боловсронгуй болгох ажлууд хийгдсэн. Жишээ нь төлбөрийн чадваргүй иргэдэд хуулийн туслалцаа үзүүлэх механизм бүрдэж хууль батлагдсан. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо бий болсон. Цаашид боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий хэмээн хариуллаа.

“Парламентын хяналтыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан, Хүний эрхийн үндэсний зөвлөх, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны гишүүн Д.Гэрэл нарын асуултад Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Янжинхорлоо нар дэлгэрэнгүй хариулт өглөө.

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Хүний эрхийн үнэлгээний салбар хэлэлцүүлэг “НҮБ-ын хүний эрхийн тайлагнах механизмд Парламентын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ