МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв
2023.11.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, салбар бүрийн үүрэг, оролцоог тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, боловсон хүчний нөөц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисст даалгахаар тусгажээ.

Хууль, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох хууль тогтоомжид шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, оролцогч талуудын хүний нөөц, тэдгээрийн чадавхыг сайжруулах, ажил, үүргийн хуваарилалтыг тодорхой болгон харилцан уялдаатай хамтын ажиллагааг бэхжүүлэхийг даалгажээ.

Мөн гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны байгууллагын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, үйлчилгээ үзүүлэгч талуудыг чадавхжуулах, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын арга зүйг нэн тэргүүнд нэвтрүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцооны бүхий л хүрээнд хүүхдийн оролцоог хангаж ажиллах дүрэм, журмыг боловсруулж, хэрэгжүүлэх арга зүйд оролцогч талуудыг сургахыг даалгахаар төсөлд тусгасан байна.Хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүүхдийн дээд эрх ашгийг бүх нийтэд таниулан сурталчлах чиглэлээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээллийг олгох, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа бусад арга хэмжээг зохион байгуулахыг Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисст даалгахаар төсөлд тусгажээ.

Мөн хүний эрхийн боловсролын сургалт, хөтөлбөрийг чанаржуулан Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэгдэх сурах бичгийн агуулга, арга зүй, хэл найруулга нь хүний эрхийн суурь мэдлэг, ойлголт, түүнийг эрхэмлэн дээдлэх хандлагыг бий болгоход анхаарах; хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, цогц байдлаар шийдвэрлэх нь ирээдүйд бий болох хүн амын нийгмийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн чанарын асуудалд чухал болохыг анхаарах; хүүхдийн эрх, хүүхэд хөгжлийн асуудлаарх хэвлэл мэдээллийн байгууллага, телевизүүдийн хөтөлбөрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй хэмээн төсөлд тусгасан байна.

Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн үнэлгээг зохион байгуулах зорилгоор хүүхдийн эрх хамгааллын тоон мэдээллийг тогтмол цуглуулах, дүн шинжилгээ хийх, нэгдсэн мэдээллийн сан ажиллуулах; салбар дундын хүүхдийн эрхийг хангах, хамгаалах зөвлөлийг байгуулан ажиллуулах, хүүхэд хамгааллын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, аливаа бодлого, шийдвэрт хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, хүүхдийн эрхийг нэн тэргүүнд харгалзан үзэхийг Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисст даалгахаар төсөлд тусгасан байна.

Түүнчлэн хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд төрийн байгууллага, аж, ахуйн нэгж үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй, хүүхдийн эрхийг дээдэлсэн төсөвлөлт хийх, хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулсан төсвийн зарцуулалт, түүний үр дүнгийн талаар холбогдох байгууллагуудтай тогтмол хяналт тавьж ажиллах; аймаг, нийслэл, сум, дүүрэг, тухайн нутаг дэвсгэрийн нийт хүүхдийн дунд хүүхдийн эрхийн хэдэн улсын байцаагч ажиллавал зохих стандарт, судалгааг гарган тогтоож, зохих түвшинд ажиллуулах, шаардлагатай орон тоог шинээр нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн улсын байцаагчийг дагнасан байдлаар ажиллуулахыг даалгахаар төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, холбогдох тодруулгыг хийхэд Ц.Мөнхцэцэг гишүүн хариулт, тайлбар өгсөн юм. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гарсан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх анхдагч нэгж нь “Хамтарсан баг”-ийн үүргийг ТББ-ын дэмжлэгтэйгээр гүйцэтгэх, байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулах үүрэг өгөх, ийм тохиолдолд цэцэрлэг байгуулах стандартыг өөрчлөх, аливаа байгууллага дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулсан тохиолдолд, нийгмийн үйлчилгээ буюу сургууль, цэцэрлэгт хандив өгсөн тохиолдолд, эсвэл ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрт дэмжлэг үзүүлбэл татварын хөнгөлөлт үзүүлэх гэх зэргээр тодорхой үүргийг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгах саналыг Ц.Мөнх-Оргил гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.

Дараа нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ