МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.01
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Баярсайхан: Огт сүлжээгүй, отор нүүдлээр явж байгаа малчдад цаг агаарын мэдээллийг яаж дамжуулах юм бэ?

УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна. 

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Манай Завхан аймгийн дийлэнх сумдаар өвөлжилт хүндэрсэн байна. Цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг малчид, иргэд, тээвэрчдэд дамжуулах тал дээр ямар шинэлэг арга байна аа. Огт сүлжээгүй, отор нүүдлээр явж байгаа малчдад цаг агаарын мэдээллийг яаж дамжуулах юм бэ?  Сая Төв аймгийн Эрдэнэсант суманд маш аюултай цасан шуурга болж олон айл, хайртай хүмүүсээ алдсан энэ тохиолдолд цаг агаарын мэдээ төдийлөн сонсоогүй байсан гэсэн зүйл ярьсан. Энэ дээр тодорхой хариулт өгөөч. Малд идэх өвс байхгүй, ган болчихсон энэ сумд дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ? 

Хунгарласан цасыг малтаад зам гаргах, бэлчээр гаргах боломж байна уу? Энэ тал дээр судлаж үзсэн үү. Мөн Завхан аймгийн хэмжээнд өнөөдөр дизель түлш, А-92 бинзенийн нөөц бага байна. Өвөлжилт хүндэрч байгаа аймгууддаа бинзен шатахууны  тусламж, дэмжлэг, хүрэлцээг яаж шийдэж байгаа вэ?  

Сумдын онцгой байдлын алба туулах чадвар сайтай техник хэрэгслээр огт хангагдаж чадаагүй байна. Төрийн хэмнэлтийн хуулиар орон нутагт техник хэрэгсэл худалдаж авахыг нь хориглочихсон байгаа. Үүнээс болоод орон нутгийн эмнэлэг, аймаг орон нутагт машин техникийн хүрэлцээ ерөөсөө байхгүй. Ялангуяа хангайн бүсэд байдаг манай Завхан аймаг шиг алслагдсан багтай  өргөн дэлгэр уудам нутагтай газар төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэхийн тулд төрийн албан хаагчид өөрсдийн хувийн машин техник хэрэглэж байна. Ингэж байгаад ямар нэг асуудал гарах юм бол хэн хариуцах юм бэ? Тийм учраас төрийн хэмнэлтийн хуулиа эргэж хараад өвөлжилт хүндэрсэн онцгой байдалд орон нутагт нь эрхийг нь өгөх энэ ажлыг УИХ, ЗГ хамтарч хиймээр байна. Өвөлжилт хүндэрч байгаа аймгууддаа ядаж малчид иргэддээ хотын болон бусад аймгуудын худалдан авч байгаа үнээр гурилаа борлуулмаар байна гэдэг зүйлийг албан ёсоор хэлье. Дараа долоо хоногт МУ-ын шадар сайд, онцгой байдлын ерөнхий газраас Завхан аймгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах гэж байгаад маш баяртай байна. Газар дээр нь очиж танилцахдаа бодит байдлыг нүдээрээ харж, үр дүнтэй шийдвэрүүдийг гаргах байх гэж бодож байна. 

Түүний асуултад, Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ