Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц эзэмшигчид тавих эрх зүйн орчин бүрдэнэ
2023.11.29
Зам, Тээвэр

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц эзэмшигчид тавих эрх зүйн орчин бүрдэнэ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2023.11.29) Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай:

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр 1968 онд элссэн бөгөөд тус байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны Олон улсын конвенцод 2014 онд нэгдэн орсон. Мөн энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан.

Швейцарь Улсын Женев хотноо 2016, 2018 онд зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болон 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдээс эхлэн тус тус хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.

Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь далайчдын эрхийг хамгаалах үүднээс Олон улсын далайн тээврийн танхим болон Олон улсын тээвэр эрхлэгчдийн холбооноос хамтран гаргасан хөлөг онгоц дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтыг багасгах тухай удирдамжийг баримтлах, мөн далайн хөдөлмөрийн гэрчилгээний хугацааг сунгах зохицуулалтыг тусгасан.

Монгол Улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр хөлөг онгоц дээр ялгаварлан гадуурхалт гарсан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг тогтоох, таслан зогсоох, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох шаардлагыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц эзэмшигчид тавих эрх зүйн орчин бүрдэх юм.

Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь “далайн дээрэм” болон “хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул” гэсэн нэр томьёог шинээр тусгаж, тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг мөн нэмж тусгасан байна.

Одоогоор Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 90 гаруй гишүүн улс энэхүү конвенцын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлаад байна.

Иймд Олон Улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, улмаар Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай гэж Засгийн газраас үзжээ.

Хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, далбааны эзэн улсаас тавих хяналтыг сайжруулснаар хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой аж.

ШИНЭ МЭДЭЭ