МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо
2023.12.06
Гадаад харилцаа

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны гишүүн П.Анужин, Х.Баделхан, Д.Ганбат нар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын Гадаад хэргийн хорооны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.12.04) БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Фү Зыинтэй уулзлаа.

Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн босгон дээр парламент хоорондын байнгын уулзалтын механизмыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны төлөөлөгчдийг урьж, халуун дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол, Хятадын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг дурдаад, хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж байгаа нь хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлж байгааг цохон тэмдэглэв. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа нэг шатаар ахисны тод жишээ бол Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-гийн 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал юм гэв. Мөн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөжүүлэхэд БХАТИХ-ын Гадаад хэргийн хороо чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тодотгов.

БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Фү Зыин Монгол Улсын Их Хурлын хүндэт төлөөлөгчдийг тавтай зочлохыг хүсээд манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, тасралтүй үргэлжлэх энэхүү найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж, манай хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын давтамж нэмэгдэхийн зэрэгцээ манай хоёр улсын харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байна гэв. Мөн БНХАУ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэн үздэгээ нотолж, манай хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш төрийн дээд, өндөр айлчлалын давтамж нэмэгдэхийн сацуу худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд хоёр дахин өссөн үзүүлэлт гарсанд баяртай байна гэв.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БХАТИХ-ын Гадаад хэргийн хороо, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр дуулгав. Мөн ирэх онд Монгол Улсын Их Хурлын санаачилгаар “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн форум”-ыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгаж, тус хуралд Хятадын талаас холбогдох удирдлага болон эрдэмтэн судлаачдыг өргөнөөр оролцохыг урьлаа.

Талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, мөн Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулагдсаны 10 жилийн ой 2024 онд тохиохтой холбогдуулан парламент хоорондын байнгын зөвлөлдөх уулзалтын механизмын 5 дахь удаагийн хурлын талаар болон бусад асуудлаар санал солилцлоо

ШИНЭ МЭДЭЭ