МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хувьцаат компаниудын төлөөлөлтэй уулзаж, татварын цогц шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо
2023.12.06
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хувьцаат компаниудын төлөөлөлтэй уулзаж, татварын цогц шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй цувралаар уулзан, салбар бүрт тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм, журмуудын хүрээнд нээлттэй ярилцаж, харилцан санал солилцсон юм.

Өнөөдөр (2023.12.06) Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал нар хувьцаат компаниудын төлөөллийг хүлээн авч уулзан, татварын орчны эрх зүйн шинэчлэлийн бодлого, чиглэлийг танилцуулж, хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргагчдыг дэмжих боломж, санаачлагуудыг ярилцлаа.

Уулзалтын эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, ҮСХ болон судлаачдын багтай хамтран татварын бодлогын нөлөөллийг айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдийн түвшинд судалж, татварын ачаалал, тархалтыг тодорхойлохоос гадна, дата өгөгдлүүдэд тулгуурлан, оновчтой загварчлал боловсруулахаар ажиллаж буй талаар танилцуулав. Ингэснээр шударга, ил тод тогтолцоог бүрдүүлэх, далд эдийн засагтай тэмцэх, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зэргээр татварын цогц реформыг шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд суурилан хэрэгжүүлэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр дурдсан юм.

Түүнчлэн дотоодын үнэт цаасны зах зээлийг бэхжүүлэх, хувьцаат компаниудыг дэмжих, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ирэх оны төсвийн хүрээнд Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэв. Тодруулбал, дотоодын үнэт цаасны зах зээлд гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн нээлттэй арилжаалсан бонд, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлөх бөгөөд IPO хийсэн дотоодын компаниуд ч мөн дээрх татварын хөнгөлөлтөд хамрагдах юм. Уулзалтад оролцогчдын зүгээс үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг татварын зөв бодлогоор дэмжих санаачилгыг сайшаахын зэрэгцээ урт хугацаат хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татахын тулд эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогоор дэмжих хэрэгтэйг уламжилж байв.

ШИНЭ МЭДЭЭ