“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсны 75 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохиож байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар захирамжийн дагуу энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан маргааш буюу 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутад эхэлнэ. Хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлын эхэнд, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, монгол төрийн бодлогын салшгүй үнэт зүйл нь хүний эрх, гол цөм нь ард иргэд байх учиртайг тодотгов.
Тэртээ 75 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл баримтлал, үнэт зүйлс нь 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын Үндсэн Хуульд хөдөлшгүйгээр тусгагдаж, тунхаглаж ирснийг үргэлжлүүлэн дурдлаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд, Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулна гэж заасан байдаг бөгөөд “Хүний эрхийн олон улсын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн хуралдаан нь хууль тогтоох дээд байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлсийн илэрхийлэмж болохыг цохон тэмдэглэв. Түүнчлэн парламентаар хэлэлцэж буй асуудлууд, хууль тогтоомжуудаас гадна төрийн захиргааны бүхий л байгууллагуудын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд хүний эрхийг хамгаалсан цогц бодлого багтах ёстойг сануулсан алхам гэж ойлгох хэрэгтэйг дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг хэлэхдээ,
Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд тухайн орны парламент чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглээд, энэ удаагийн хүндэтгэлийн хуралдаан нь Монгол Улс хүний эрхийн тэмцэлд дуу хоолой нэгтэй байна гэдгээ дэлхий дахинд батлан харуулж байгаа үйл хэрэг гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал анх удаа, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран, “Хүний эрхийн мэдрэмжтэй парламент: Өөрийн үнэлгээний аргачлал”-ыг нэвтрүүлж, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа, ажлын орчин нөхцөл гэхчилэн хүний эрхийн нөлөөллийн бүхий л хүчин зүйлсэд үнэлгээ хийсэн бөгөөд үр дүнд суурилсан зөвлөмжийг боловсруулан ажиллаж байна.