МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ШИНЭ АЛХАМ 120 ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ-ААР АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2023.12.07
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ШИНЭ АЛХАМ 120 ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ-ААР АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Монгол Улсын цахим шилжилтийн түүхэнд хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох хоёр дахь том алхам болсон 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар амжилттай хэлэлцүүллээ. Нийгэм эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, цахим хэлбэрээр, хялбар, ухаалаг шийдлээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг эдгээр хуулийн өөрчлөлтөөр нээх зорилготой.

Тухайлбал, иргэн компани байгуулахын тулд 11 шат дамжлагаар дамждаг байсан бол хуульд өөрчлөлт орсноор энэхүү шат дамжлагыг 100 хувь цахимаар хийх боломжтой болж байна. Мөн банкны үйл ажиллагаанд эрсдэл багатай гэж үзсэн хэрэглэгчдээ данс нээхээс эхлээд бүх үйлчилгээг цахимаар үзүүлнэ. Энэ нь цахим банк, финтекийн хөгжлийг дэмжсэн чухал зохицуулалт.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар архивын бичиг баримтыг заавал цаасаар бүрдүүлэх зохицуулалттай байдаг бөгөөд энэ нь байгууллагуудад багагүй хүндрэл учруулдаг. Тэгвэл одоо цахим бичиг баримтыг мөн адил цаасан баримт бичгийн адил хүлээн зөвшөөрөх заалтыг оруулж байгаа юм.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй гэж заасан ч салбарын хуулиуд дээр заавал цаасан суурьтай бичиг баримтыг шаардсан байдаг нь хоорондоо уялддаггүй, иргэнээс иргэний үнэмлэхийн хуулбар нэхсэн хэвээр байгаа байдлыг тодорхой хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр мөн шийдвэрлэж байгаа.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрсөн зургаан сарын хугацаанд 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зүйл, заалт бүр дээр ажиллаж, салбар бүрийн саналыг тусган, олон талын төлөөллийг оролцуулан ажилласан бөгөөд ийнхүү УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ