П.Дэлгэрнаран: Сонгуулийн тойргийг бүсчилж тогтоовол хүн амын тоо, газар нутгийн хэмжээтэй уялдуулан шинэчлэх ёстой
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарантай ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ хоёрдугаар сарын 1-ээс өмнө сонгуулийн тойрог, мандат, товыг тогтоох хугацаатай. Эрх баригч намын зүгээс тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох асуудлыг яриад эхэллээ. Манай улс өмнө нь бүсчилсэн байдлаар тойргоо хувааж байсан уу. Энэ тойрог хуваалтын онцлог юу вэ?
-Аль ч хувилбар нь хуульд нээлттэй. УИХ-ын сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойргуудыг байгуулж, тогтоол гаргаж батлах ёстой. 2024 оны УИХ-ын сонгуулийн тухай хуультай төстэй хууль бол 2012 оны сонгуулийн хууль. 2012 онд томсгосон тойрог буюу нэг аймаг, дүүргээр нь тойрог болгож байсан. Тухайн үед улсын хэмжээнд 20 гаруй тойрог байсан. Одоо бол хувилбарууд янз бүрээр яригдаж байгаа юм билээ. Тухайлбал, бүр жижиглээд, аймгуудаа хуваагаад явах нь зүгээр гэж зарим хүн үзэж байхад зарим нь хуучнаараа аймаг, дүүргээр нь нэг тойрог болгох, бүр том болгоод бүсчилж явуулъя гэдэг хувилбарууд ярьж байна. Аль ч хувилбараар нь тогтоох боломжтой.
Өмнө нь манай улс найман удаагийн Их хурлын сонгууль явуулахдаа бүсчилсэн хэлбэрээр тойргоо тогтоож байгаагүй. Хоёрдугаар сарын 1-ээс өмнө мөн сонгуулийн санал хураалтын өдрийг товлон зарлах ёстой. Хуульд сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр гэж заасан байгаа. Тэгэхээр зургадугаар сарын 15-аас хойш аль нэг ажлын өдөр санал авах өдөр байна.
-Манай улс 2001 онд таван бүст хувааж байсан юм байна. Сонгуулийн тойргийг бүсчилж тогтооно гэхээр үүгээр тогтоох уу?
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар засаг захиргааныхаа бүсчлэлийг хувааж байсныг өөрөө ярьж байх шиг байна. Энэ бүсчлэлээр тойргоо хийж болно. Гэхдээ сонгогчдын тоо, газар нутгийн хэмжээ болон хуульд заасан хугацаатайгаа тооцоолж үзэхгүй бол хэтэрхий том газар нутаг олон сонгогчтой хийвэл нэр дэвшиж байгаа хүмүүс сонгогдох эрхээ эдлэхэд хүндрэл үүсч магадгүй гэсэн тооцоолол байна. Мөн хуульд засаг захиргааны нэгжүүдийн хилийн цэс нь зэргэлдээ байхаар тойргийг байгуулах шаардлагатай. Тиймээс бүсчилсэн байдлаар тойрог тогтооход үргэлжилсэн нэг хэлбэрээр байна гэсэн үг. Энэ тэндээс засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэж тойрог тогтоохгүй гэсэн үг.
-Тэгэхээр хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзаж бүсчлэлийг шинээр тогтоох шаардлагатай юм байна?
-Тийм ээ, яагаад гэхээр нэг мандатад хэдэн сонгогчийн тоо оногдож байна вэ гэдэг ойролцоо байх ёстой. Газар нутаг, засаг захиргааны хэмжээ бас нөлөөлөх нь ойлгомжтой. Сонгогчийн тоо хэтэрхий хол зөрүүтэй байхгүйгээр үзэхээр бүсчлэлийг шинээр тогтоох байх. Ийм тооцоолол хийх байх гэж бодож байна. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал.
-Хэрвээ бүсчилж хуваавал нэг тойрогт хэдэн мандат байхаар тооцогдох вэ. Өнгөрсөн сонгуулийн тойрог хуваалт нэг намын гишүүдийг хооронд нь өрсөлдүүлж байна гэсэн шүүмжлэл байсан шүү дээ. Бүсчлэлээр тойрог тогтоохоор энэ байдал байх уу?
-Хэрвээ тойргийг бүсчилж тогтоовол тойрог томорч байгаа учраас энэ сөрөг тал улам л нэмэгдэж магадгүй. Ер нь нийт мандатын тоо 78. Хэрвээ бүсчилсэн хэлбэрээр тойрог тогтоовол үүнийгээ сонгогчдын тоо, газар нутгийн хэмжээтэйгээ харьцуулж үзэх байх. Гэхдээ яаж ч хуваасан байсан засаг захиргааны нэгжүүд хэвээрээ байна. Хуульд засаг захиргааны нэгж, аймаг, сум дүүргийн сонгуулийн хороо, баг хороодод хэсгийн хороод байна гэж заасан. Тэгэхээр үүнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Мөн Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуульд бэлдэх хүн хүч, техник тоног төхөөрөмжийн төлөвлөлтөд том өөрчлөлт орохгүй. Аймаг, нийслэл, сум дүүрэгт сонгуулийн хороод байдгаараа байна. Тэнд саналынхаа дүнг нэгтгээд зарлана гэсэн үг.
Сонгуулийн ирцийг нэмэгдүүлье гэвэл цахим сонгууль хийх ёстой
-Энэ оны төсвийн тодотгол болон ирэх жилийн төсөвт сонгуулийн төсвийг баталсан. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?
-2023 оны төсөвт тодотгол хийгээд манайд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон дагалдах хэрэгслүүдийг худалдаж авахаар төсөв хуваарилж өгсөн. Бид худалдан авалтаа бүгдийг нь хийсэн. Одоо тохируулга бэлтгэл ажлыг хийж байна.
-Саналын хуудас хоёр төрөл байна гэж байгаа. Нэг нь тойргоос нэр дэвшигчийг дугуйлах бол нөгөөд нь нам дугуйлна гэсэн. Нэг иргэн хэдэн саналын хуудас бөглөх вэ?
-Саналын хуудас нэг л байх болов уу. Нэг иргэнд нэг л саналын хуудас очно. Дотроо бол тойргоос нэр дэвшигчдийн нэр, нам, хоёр дэх хэсэгт пропорциональ хэсэгт намуудыг дугуйлна. Энэ хоёрыг нэг хуудаст багтаана.
Энэ удаагийн сонгуулиар гадаад байгаа иргэдийн саналыг авна. Гадаадад амьдарч байгаа иргэдэд зөвхөн пропорциональ тал дээр санал өгнө гэсэн үг.
-Саналын дүн хэзээ СЕХ-д нэгтгэгдэж ирэх вэ. Санал авах өдөр нэг байх уу?
-Гадаадад амьдарч байгаа иргэдийн санал энд санал авах цаг дуусахтай зэрэгцээд саналын хуудас ирчихсэн тоологдож байх ёстой. Өөрөөр хэлбэл, гадаадад байгаа иргэдийн санал авах өдрийг СЕХ санал оруулаад УИХ батлах бөгөөд улс даяар санал авах өдрөөс арай өмнө байна.
-Хэдэн оронд байгаа иргэдээс саналыг нь авдаг вэ?
-Гадаадад байгаа иргэн гэж гурван сараас дээш тухайн улсад оршин сууж байгаа иргэд гэж тооцож байгаа. Монгол Улсаас 45 оронд дипломат төлөөлөгчийн газар байна. Тэр төлөөлөгчийн газруудад комиссууд байгуулаад санал хураалтаа зохион байгуулна.
-СЕХ сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ. Сонгуулийн жил бүхэн ирц багасаж байна шүү дээ?
-Ирцийг нэмэгдүүлэх ажлыг сонгуулийн санал авах өдөр биш сонгуулиас өмнө эртнээс зохион байгуулдаг. Сонгуулийн боловсрол олгох, залууст чиглэсэн төрөл бүрийн сурталчилгаа, хууль тогтоомжийг таниулах ажлуудыг зохион байгуулна. Үүнээс гадна сонгууль өрсөлдөөн ихтэй, шударга явбал ирц түүнийг дагаад өндөр байдаг. Сонгуулийн ирц харьцангуй буурч байна гэдэг. Гэхдээ дэлхийн бусад улс орныг харьцуулахад манай сонгуулийн ирц сайн. Манайх санал хураалтаа нэг өдөр л авдаг. Ийм тохиолдолд ирц харьцангуй өндөр. Бусад улс оронд олон өдөр санал хураалт явуулдаг. Мөн шуудан, цахим гээд олон хэлбэрийг ашиглаж байгаа.
Ер нь цаашдаа сонгуулийн ирцийг нэмэгдүүлье гэвэл цахим сонгууль хийх ёстой. Цахим сонгуулийн бэлтгэл, судалгааны ажлыг хийж байгаа. Зарим нэгэн гаднын байгууллагуудын туршлагыг судалж байна. Дэлхий дээр Эстони улс жишиг болж байгаа. Энэ улс руу манайх хүмүүсээ явж сургасан. Цахим сонгуулийг ирээдүйд бэлтгэх нь маш чухал. Гэхдээ манай иргэд цахим сонгууль гэхээр ямар ч зардалгүй гэж ойлгоод байгаа. Харин ч их зардалтай. Технологи ашиглана.
Европын холбоо болон мэргэжлийн улсууд цахим сонгуулийн бэлтгэлээ маш сайн хийж байж, сонгуульдаа нэвтрүүлээрэй. Бэлтгэл муу хийж сонгуулийнхаа нэр хүндийг унагаж болохгүй гэдэг зөвлөмжийг манай улсад өгч байгаа.
-Бэлтгэл ажлыг хангаж байгаа гэлээ. Тэгвэл хэдэн оны сонгуулиас цахимаар саналаа өгөх боломж бүрдэх вэ?
-Энэ удаагийн буюу 2024 оны сонгуулийн хуулийг баталчихсан. Тэгэхээр энэ удаагийн сонгууль уламжлалт аргаараа явах нь тодорхой. Харин дараагийн сонгуулиар цахимаар өгөх боломжийг олгох ёстой гэж бодож байгаа. Цахим гээд бүгд цахимаар өг гэж шаардахгүй. Харин бүх арга хэлбэрүүдийг сонгогчдод санал болгох ёстой.
-Ярилцсанд баярлалаа.