2023.12.10
Улстөр
"Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сургалт болов
Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран 2023.10.25-12.10-ныг дуустал сар гаруйн хугацаанд үргэлжилж буй “Бид-ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” ээлжит аян өндөрлөхөд гурван хоног үлдээд байна.
Тус аяны хүрээнд 2023.12.06-ны өдөр ТӨБЗГ-ын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн дор сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн 156 орчим ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулсан нь авлигын эсрэг үйл ажиллагаанд байгууллага, хамт олноороо иж бүрэн хамрагдаж, дуу хоолойгоо нэгтгэснээрээ ихээхэн онцлогтой.
Сургалтын үеэр Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн Ц.Түвшинзаяа даргатай хамт олон болон АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, тус хэлтсийн ажилтан, комиссар С.Амартүвшин нар Авлигын эсрэг үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлж идэвхжүүлэх, Авлигатай тэмцэхэд учирч мэдэх саад бэрхшээлийг яаж даван туулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах, Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчлан таниулахын ач холбогдол зэрэг мэдээ, мэдээллийг сонирхолтой кейсээр жишээ татан хүргэхээс гадна санал бодлоо чөлөөтэй солилцож байсныг онцолж байна.