2023.12.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ /2023.12.15/. Хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Гишүүдийнхээ санаачилсан энэ хуулийн төслийг дэмжиж байна. Монгол үндэстний, Монгол хүн амын хүүхэд залуучуудын өмнө тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудал, бие бялдрын хөгжлийн асуудал, хүнсний аюулгүй байдлын, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ гэхчлэн асуудлыг цогцоор нь авч үзэх зайлшгүй шаардлага байна. Энэ талаас нь манай их хурал яаралтай ажиллах хэрэгтэй байна. Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа. Энэ бүрэлдэхүүн хэсэгт нь орно, хамгийн гол нь салбар дундын уялдаа хэрхэн хангагдаж байна гэдэгт дээр онцгой анхаарах ёстой. Бид удахгүй биеийн тамир, спортын хуулийн төслийг шинэчлэн найруулгаар оруулж ирэхээр төлөвлөж байна. Нэлээн сайн ажилласан байгаа. Үүн дээр та бүхэн анхаарал хандуулахыг хүсэж байна аа.
Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний асуудал үнэхээр тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Харин нөгөө талд нь хөдөлгөөний дутагдал үүнээс шалтгаалсан өвчин эмгэг, хүний эрүүл мэндийн байдал, дархлаа олон хүчин зүйлүүд бодитойгоор аюулын харанга дэгдээж байна. Үүнийг бид анхаарахгүй бол болохгүй.
Хуучин тогтолцооны үеэс дэлхийн бусад улс орнуудад биеийн тамир спорт хөгждөг ерөнхий жишиг загварыг нь бид хайхрахгүй орхичихсон. Зөвхөн тамирчдыг үзэл суртлын гол зэвсэг хэрэгслээр, зөвхөн амжилт л гарга, бусад нь хамаагүй гэдэг байдлаар хандаад харин нийтийн биеийн тамирын асуудлыг компаничилсан хэлбэрээр явуулах гэж оролдоод мухардалд хүрчихсэн. Тэгтэл бусад улс оронд биеийн тамир спорт бол пирамидын тогтолцоотой байдаг. Тэр пирамидын орой дээр байж байгаа үлэмж "амжилт" гаргасан тамирчид бол спортын одууд. Тэдгээр хүмүүсийн үзүүлсэн амжилт, ур чадвар төдийгүй бусад бүхий л талаараа нийгэмд, хүүхэд залуучуудад сайны үлгэр манлайлалтай байна. Сайны үлгэр манлайлалтай тамирчдаа харж пирамидын суурийг бүрдүүлж байгаа үй олон хүмүүс нь өдөр тутамдаа өөрийнхөө идэвхтэй амьдралын хэв маяг, зөв амьдралын дадал хэвшлийн төлөө биеийн тамир, спортоор байнга хичээллэж байдаг. Биеийн тамир, спортын заал танхим энэ орчны эрүүл ахуйн стандартыг бид нар бүрдүүлэх хэрэгтэй. Ямар ч стандарт байхгүй танхимуудыг бий болгохоор биеийн тамираар хичээллэж байгаа залуучууд залуу насандаа үе ээ солиулах гэхчлэн нөхцөл байдал тулгараад байна. Тиймээс бүтээлч, эрүүл бүтэн амьдралыг эрхэмлэсэн үндэстэн болох том зорилтын төлөө та бүхнийг хамтарч ажиллахын уриалж байна.