Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэндчилгээ дэвшүүллээ
Эх орны өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй Төрийн өмчит болон Орон нутгийн өмчит салбарын нийт ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмадууд, тэдний гэр бүлийнхэнд Шинэ жилийн баярын мэндийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин зүрхний халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хоёр он солигдох ховорхон мөчид Төрийн өмчит салбараар овоглогдсон албан хаагчдын хувьд 2023 он оргилсон их ажил, амжилтаар дүүрэн онцгой сайхан жил байлаа. Төрийн өмчит хуулийн этгээдийг хувьцаа гарган биржээр арилжаалах, олон нийтийн хяналтад оруулах, үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулахад чиглэсэн томоохон ажлын эхлэл тавигдлаа. “Төрийн банк” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн тус бүрийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа төлөвлөснөөс илүү амжилттай болсон нь бодит үр дүн байв.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 98 ААН-ийн орлого болон төлсөн татварын хэмжээ өссөн дүн үзүүлэв. Түүнчлэн ЗГХЭГ-тай хамтран дээрх 98 ААН-ийг эрэмбэлэхэд “ТОП-5 төрийн өмчит ААН”-ээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК, “Төрийн банк” ХК, “МИАТ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иуд шалгарлаа.
2023 оны 6-р сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, удирдлагын хороо (SASAC)-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа. Түүнчлэн 9-р сард ӨМӨЗО-ны Хөх хотод талуудын зохион байгуулсан “Монгол-Хятадын төрийн өмчит ААН-ийн шинэчлэл, хөгжил” форумд ТӨБЗГ болон ЗГХЭГ, төрийн өмчит ААН-ийн төлөөлөл оролцов. Монгол Улс дахь ОХУ-ын маргаантай өмчийн асуудлаар II шатны ажлыг дуусгаж, Засгийн газар хоорондын Комиссын хуралд тайлагнав. Төрийн өмчит 1021 байгууллагын “Төрийн өмчийн эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэлээ. ТӨБЗГ-ын хуралдаанаар 890 шийдвэр гаргаж, төрийн өмчийн харилцааны асуудлыг шийдвэрлэж, 1363 байгууллагад хөрөнгийн зохицуулалт хийв. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын загвар гаргаж, Төрийн албаны зөвлөлтэй хамтран нэгдсэн байдлаар баталж, мөрдүүлэх ажлыг эхлүүлэв.
“Бид–Ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй хамт олон” авлигын эсрэг аянд нэгдэж, 20 орчим хууль, эрх зүйн холбогдолтой сургалт, танин мэдэхүй болон соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн өмчит 90 гаруй байгууллагын 640 гаруй албан хаагчдыг хамруулж, нөлөөллийн ажил хийгдэв.
Төрийн болон нийтийн эрх ашгийг хамгаалах нэн хариуцлагатай салбарт нэгэн үзүүрт сэтгэлээр ажилладаг нийт ажилтан, албан хаагчид Та бүхэнд угтан ирж буй 2024 онд эрүүл энх, саруул сайхан байхын ерөөл өргөе!
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ