2023.12.30
Орон нутгийн хөгжил
Сумын удирдлагууд малчидтайгаа ойр ажиллах шаардлага байна
Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмидын хамт Ихтамир суманд ажиллаа. Ихтамир сумын удирдлагууд бусад сумуудтай харьцуулахад өвөлжилтийн бэлтгэлээ намар маш сайн хангаж өвс, давс, тэжээлийн нөөцөө их хэмжээгээр, бага үнээр худалдан авч нөөцөлсөн байна.
Сумын удирдлагууд 40 тн тэжээлийн будааг намар 1000 төгрөгөөр 1 кг-ийг худалдан авч Орон нутгийн хөгжлийн сангаасаа санхүүжилт гаргаж, малчдадаа одоо өвлийн хүнд цаг үед нь 500 төгрөгөөр кг-ийг нь хямдруулан өгч байна. Энэ бол Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг үр дүнтэй, иргэддээ хүрсэн зүйлд зарцуулж буй бодит сайн жишээ юм. Та бүхэнд нийт иргэдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье.
- Нэмж улсын нөөцөөс 25 тн тэжээлийг Ихтамир суманд нийлүүллээ.
- Мөн Ихтамир сумын малчид цагийн байдлаас үүдээд 280 тн махыг хэрэгцээлж бүрэн зах зээлд борлуулж дууссан байна.
- Аймгийн хэмжээнд хамгийн их буюу 113 отрын өрхийг хүлээж авсан сум бол Ихтамир сум юм. Баянхонгор, Завхан, Хөвсгөл зэрэг аймгаас олон тооны өрхүүд ирснээс гадна аймгийн 4 сумын малчид мөн отроор ирсэн байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Жаргалант суманд ажиллалаа
Хөвсгөл, Булган аймагт болон Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өндөр-Улаан сумдад 60 гаруй өрхийн 40 гаруй мянган мал отроор өвөлжиж байна. Сумын хэмжээнд зах зээлд борлуулах шаардлагатай 105.3 тн мах байгааг зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
- Улсын нөөцөөс хуваарилж хүргэсэн 25 тн тэжээлийг 10550 төгрөг, хөнгөлөлттэй үнээр нь малчдад хүргэхийг сумын Засаг даргад үүрэг болголоо.
- Тэжээлийг малчдад хүргэх түлшний дэмжлэг болгон 1 тн түлшийг мөн улсын нөөцөөс үнэгүй хуваариллаа.
- Үнэ болон хүргэлтэд ямар нэг нугалаа, хийдэл гаргаж болохгүйг мөн хатуу анхаарууллаа.
- Бусад сумдтай харьцуулахад сумын удирдлагууд энэ цаг үед малчидтайгаа, баг бүрд илүү хүрч ажиллах шаардлагатай байгааг сумын удирдлагуудад анхаарууллаа.