2024.01.05
Эдийн засаг, Худалдаа
Д.Цогтбаатар: Монголд хөрөнгө оруулалт хийх хэр хэмжээний хүлээлт байгаа вэ?
УИХ-ын намрын чуулганы /2023.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байгаа хэр хэмжээний мөнгө байна вэ. Энэ асуудал дээр ямар хэмжээний хүлээлттэй байна Ч.Хүрэлбаатар сайд аа! Энэ хууль нь хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн хэд дэх хууль болж байна. Яагаад ийм асуулт асууж байна гэхээр, Манай улсын хамгийн тогтворгүй зүйл нь гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль юм биш үү. Дуртай үедээ хэд хэдэн удаа өөрчилдөг. Ийн өөрчлөөд байхаар хууль нь өөрөө тогтворгүй гэдэг сэтгэгдэл төрсний дараа юу ч гаргаад бид тогтвортой байлгаж чадахгүй шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид чинь хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг л хүсээд байгаа. Тэгтэл бид төсвөө оруулахдаа л өчнөөн эрх зүйн орчин өөрчлөгдөх шинжтэй байгаад байх нь хэр баталгаатай вэ. Тиймээс энэ хууль тогтвортой байх үүднээсээ хэр баталгаа гаргаж өгч чадах вэ.
Дижитал бизнесийн чөлөөт бүс байгуулах талаар санал гаргаад явж байсан. Үнэхээр дижитал бизнесийг Монголд татъя гэвэл дижитал бизнесийн чөлөөт бүсийг байгуулаад өгөх нь нэн чухал байсан. Бид энэ боломжийг алдсан ч, боломж үргэлж нээлттэй байгаа. Тиймээс энэ хуулийг оруулахдаа асуудлыг хэрхэн судалсан вэ. Төрийн өмчит компаниудыг "маратор" тавих тогтоол орж ирсэн. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай шууд холбоотой шүү. Учир нь, бизнесийн шударга өрсөлдөөний орчин байгаа эсэх нь хөрөнгө оруулагчдын хамгийн том шалгуур. Тиймээс төрийн өмчит компани байгаа тохиолдолд бизнест шударга орчин бүрэн хэмжээндээ итгэл төрүүлэхүйц байгаа эсэх нь эргэлзээтэй. Үүн дээр дэлгэрэнгүй хариулж өгнө үү. мөн экспортыг дэмжих зүйл заалт тус хуульд хэр оров?
Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.