ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ХЭЛТЭС, АЛБАД 2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ
2024.01.08
Эдийн засаг, Худалдаа

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ХЭЛТЭС, АЛБАД 2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нийт хэлтэс, албад жил бүр оны эхний долоо хоногт багтааж хийдэг 2023 оны тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгуулав. Тус тайлангийн хурлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд удирдан явуулж, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, албадын дарга нар болон нийт ажилтан, албан хаагчид оролцлоо.

Хурлын үеэр дээрх хэлтэс, албад тус бүр 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлуудыг нэгтгэн дүгнэж, алдаа оноо, амжилт бүтээл, ажлын үр дүнгээ хэлэлцэж, цаашид 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон анхаарах зарим асуудал дээр харилцан санал бодлоо солилцлоо.

Тайланд дурдагдсан онцлох ажлуудаас товч өгүүлье. Тухайлбал, Орон нутгийн өмчийн газрын бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын жишиг загварыг гаргаж, төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажилласны үр дүнд нэгдсэн байдлаар батлан мөрдүүлэх ажлыг эхлүүлсэн. Авлигатай тэмцэх газартай хамтран “Бид–Ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй хамт олон” авлигын эсрэг аянд нэгдэж, сар гаруйн хугацаанд Төрийн өмчит 90 орчим байгууллагын 640 гаруй ажилтныг хамруулж, 20 орчим удаагийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт, танин мэдэхүй болон соён гэгээрүүлэх чиглэлээр нөлөөллийн ажлууд хийгдсэн.

Түүнчлэн “Төрийн банк” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК тус бүрийн анхдагч зах зээлийн хувьцааны арилжааг төлөвлөснөөс илүү амжилттай арилжаалсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 98 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхэд, “ТОП-5 төрийн өмчит аж ахуйн нэгж”-ээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК, “Төрийн банк” ХК, “МИАТ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иуд тус тус шалгарсан. 2023 оны 6-р сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, удирдлагын хороо (SASAC)-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурсан. Монгол Улс дахь ОХУ-ын маргаантай өмчийн асуудлаар II шатны ажлыг дуусгаж, Засгийн газар хоорондын Комиссын хуралд тайлагнасан. Төрийн өмчит 1021 байгууллагын “Төрийн өмчийн эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаар 890 шийдвэр гаргаж, төрийн өмчийн харилцааны асуудлыг шийдвэрлэж, 1363 байгууллагад хөрөнгийн зохицуулалт хийсэн зэргийг нэрлэж болно. Төрийн өмчит 48 хуулийн этгээдэд Төрийн хяналт, шалгалт хийгдсэний үр дүнд улсын төсөвт 190-ээд сая төгрөгийг нөхөн төлүүлж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанд хяналт, шалгалтын 54 тайланг танилцуулж, үр дүнг баталгаажуулж, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авсан.

Хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж буй 61 хэрэг, маргаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр амжилттай оролцсон. Төрийн өмчит болон Орон нутгийн өмчит салбарынхны хувьд 2023 он ажил үйлс өрнөсөн, амжилт бүтээл ундарсан жил болсон нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тайлангийн хурлын мэдээллээс тодорхой байна.

ШИНЭ МЭДЭЭ