2024.01.11
Хууль, эрх зүй
Төслийн хүрээнд хөөсөөр гал түймэр унтраах автомашин болон бусад тоног, төхөөрөмж худалдан авна
УИХ-ын чуулганы 2024,01,11/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хуулийн төслийг танилцууллаа.
“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН НИЙЛҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ТУХАЙ
Төслийн I шатны хүрээнд тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг сургалтад хамруулан, 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас, аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн.
Төслийн II шатыг Онцгой байдлын ерөнхий газар гурван жилийн /2023-2026/ хугацаатай хэрэгжүүлэх ба Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас олгох 13.3 сая еврогийн зээл нь жилийн 0.282 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 15 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй. Төслийн хүрээнд хөөсөөр гал түймэр унтраах автомашин /3ш/, хөөс үүсгэгч бодис, автомеханик шатны автомашин /32м – 10ш, 42м – 5ш/ тус тус худалдан авахаар төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.