МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.01.11
Эдийн засаг, Худалдаа

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.01.11) Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихаар хуульчилсан.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хангаж ажиллаж, хуулийн хэрэгжилтийн хүрээнд хэмнэгдэж байгаа зардал, орон тоо, цалингийн санг бууруулснаар, мөн хуульд заасан автомашин хэрэглэхийг хязгаарлах, төсвийн байгууллагуудад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол зөвхөн энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг бууруулсан байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хэмнэлтийн горим хэрэгжүүлэхэд баримтлах зарчмыг хэрэгжүүлэхэд “хэмнэлтийн горим баримталж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагавар нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байхаар, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхаар тус тус заасан хэдий ч орон нутаг дахь төсвийн байгууллагууд нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдсан байдал, газар нутгийн онцлог, хүн амын тархмал суурьшил зэргээс шалтгаалан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд харилцан адилгүй хүндрэл үүсч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж хязгаарлагдаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж буурах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсээд байгаа талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас удаа дараа санал, хүсэлт ирүүлсэн байна. Түүнчлэн, энэ жилийн байгаль, цаг уурын нөхцөл байдлын улмаас монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхээл тогтсон, үүнээс 11 аймгийн 41 сум зудын нөхцөл байдалтай байгаа бөгөөд ихэнх аймагт өвөлжилт хүндэрсэн байна.

Иймд уг хуулийг цаашид орон нутгийн төсвийн байгууллага байгууллага, албан тушаалтан нэг мөр ойлгож, хуулийн үндсэн зорилтыг хангаж, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлыг судлан, тодорхойлсны үндсэн дээр дараах өөрчлөлтийг тусган Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тухайлбал, төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж чиг үүрэгтэй аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар болон төрийн аудитын байгууллага хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд эдгээр байгууллагыг автомашин ашиглах байгуулага, үйлчилгээнд буюу хуулийн 6.5 дахь хэсэгт нэмж тусгасан. Мөн төсвийн байгууллага, албан тушаалтны гар утасны зардлыг санхүүжүүлэхийг хориглосон зохицуулалтыг өөрчилж, албан ажлын онцлогийг харгалзан шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн албан хаагчийн гар утасны зардлыг санхүүжүүлэхээр хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан. Түүнчлэн төрийн хэмнэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйл буюу дүрэмт хувцастай холбоотой зохицуулалтад зарим байгууллагын тусгай хувцастай холбоотой зохицуулалтыг тусгасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байгаа тул хуулийн дээр дурдсан 8 дугаар зүйлээс "эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас" гэснийг хасахааар төслийн 3 дугаар зүйлд тусгасан аж.

Хууль батлагдсанаар байгаль, цаг уурын өөрчлөлт, өвөлжилт, хаваржилтийн хүндэрсэн нөхцөл байдлын үед орон нутаг дахь төсвийн байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх бөгөөд төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн горим үргэжлэн хэрэгжихийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ