МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Тэмүүлэн: Төсвийн алдагдлын хоёр хувийн хэмжээг хэзээ ч өөрчлөхгүй байх хууль 2025 оноос хэрэгжинэ
2024.01.22
Эдийн засаг, Худалдаа

Г.Тэмүүлэн: Төсвийн алдагдлын хоёр хувийн хэмжээг хэзээ ч өөрчлөхгүй байх хууль 2025 оноос хэрэгжинэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг Төрийн ордонд өнөөдөр танилцууллаа. 

Тус байнгын хороо 2023 оны УИХ-ын намрын чуулганы хугацаанд нийт 18 удаа хуралдаж, 29 хууль, 16 тогтоолыг баталсан байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг УИХ-аар батлуулсан бөгөөд даргаар нь эдийн засагч Н.Энхбаяр томилогдсон аж. 

2024 оны нэгдүгээр сарын 1-ээс төсвийн шинэ цаглавар үйлчилж эхэлсэн байна. Ингэснээр төсвийн хүрээний мэдэгдлийг гуравдугаар сарын 15-ны дотор Засгийн газраас УИХ-д өргөн барихад Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүн шинжилгээ хийнэ. Улмаар тус зөвлөл гуравдугаар сарын 30-нд төсвийн хүрээний мэдэгдэлд хийсэн дүн шинжилгээнийхээ талаар иргэд, олон нийтэд танилцуулах аж.

Энэ жилээс эхэлж улсын төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барихаар болжээ. Мөн жил бүрийн есдүгээр сарын 20-нд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл улсын төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээгээ олон нийтэд танилцуулах юм байна. 

Өнөөдрийн танилцуулгын үеэр 2025 оноос хэрэгжих төсвийн тухай зарим хуулийн талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хатуу зохицуулалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэл УИХ-аар 10 удаа батлагдах ёстой.

Гэвч өнгөрсөн хугацаанд нийт 30 удаа өөрчилж, шинэчилсэн. Ингэснээр Засгийн газрын өр болон дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан 60 хувийг удаа дараа өөрчилсөн юм. 

Тэгэхээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын төсвийн алдагдлын хоёр хувийн хэмжээг хэзээ ч өөрчлөхгүй байх хязгааралтын хууль хэрэгжинэ. Засгийн газрын өрийн  дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан хэмжээ 60 хувьтай байх заалт хатуу мөрдөгдөж эхэлнэ. 

Мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг хуулийн зохицуулалтын хүрээнд хязгаарласан" хэмээн ярилаа. 

ШИНЭ МЭДЭЭ