Хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал боллоо
2024.02.01
Хууль, эрх зүй

Хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал боллоо

Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа бөгөөд өнөөдрийн хурлаар захиргааны төв байгууллагад хуулийн төсөл боловсруулахтай холбоотой чиглэл өглөө.

Төрийн захиргааны төв байгууллагууд өөр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах нийт хэм хэмжээ тогтоосон актад хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарласан болон тогтмол давтагдах процессын шинжтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээг хуульд тусгах арга хэмжээ авч хуулийн төслийг боловсруулан ХЗДХЯ-нд нэгтгэн ирүүлэхээр боллоо.

Нийгмийн харилцааг хуулиар бус Засгийн газар, яам, агентлагаас баталсан журмаар зохицуулж байгаа нь журам батлах нэрийн дор иргэдэд олон тооны үүрэг хариуцлага үүрүүлдэг, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлаж, иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулах, хүнд суртал, авлигыг бий болгох зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байгааг онцлоод журмын зохицуулалтыг хуульд тусгах, ийнхүү тусгахдаа төрд амар хялбар байдлаар бус иргэдэд хүндрэл чирэгдэлгүй байхад анхаарч хуулийн төслийг боловсруулан ирүүлэх хугацаатай үүргийг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ