МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн улсын аваргууд шагналаа гардаж авлаа
2024.02.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хөвсгөл аймгийн улсын аваргууд шагналаа гардаж авлаа

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШИНЭ-ИДЭР СУМААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Чойжилжавын Чоймпоролжавд Улсын аварга малчны цол тэмдэг, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, улаан халз бүхий таван ханатай өргөө цагаан гэрийн хамт гардуулан өглөө. Ч.Чойнпоролжав нь 59 жил тасралтгүй мал маллаж байна. Сүүлийн 3 жилд 316-478 толгой мал тоолуулж малын хорогдолгүй мал сүргээ онд оруулж, жил бүр мал сүрэгт шаардлагатай хэмжээний өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг хашир туршлагтай малчин юм. 4 өрхийг туслах малчнаар ажиллуулан бод, бог нийлсэн 167 толгой малаар малжуулсан байна.

Тэрээр 1985 онд Хөдөлмөрийн аварга, 1986 онд Залуу аварга, 1987, 1990 онуудад нэгдлийн аварга малчин, 2009 онд аймгийн сайн малчин болж байжээ. Өөрийн мал маллах арга туршлагаасаа залуу малчдад хуваалцдаг сум орон нутагтаа хүндлэгдсэн тэргүүний малчин юм.
Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхлэн, эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөсөн хөдөлмөрч танд болон таны гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе.

ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН МАЛЧИН ИШГЭЭГИЙН МӨНХБАТАД “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-Ы ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн Устын аманд өвөлжиж буй Ишгээгийн Мөнхбатын гэр бүлд “Улсын аварга малчин”-ы шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. И.Мөнхбат нь мал аж ахуйн салбарт 40 жил ажиллаж байгаа тэргүүний малчдын нэг юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд 3 өрхийг байнгын ажлын байраар хангаж, 650 толгой мал олгосон байна. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2011 онд сумын сайн малчин, 2013 онд аймгийн сайн малчин, 2018 онд аймгийн хошой аварга малчнаар тус тус шагнагдсан байна.

Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг. И.Мөнхбат гуай ах дүү 9-үүлээ бөгөөд 6 нь нутаг усандаа мал маллан, ашиг шимийг хүртэн амьдарч байна. Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин их ашиг шимийг нь ард түмэндээ хүртээж, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж буй “Улсын аварга малчин ”-аар шагнагдсан И.Мөнхбатын гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Монгол малын арвин цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН НАРАН 11 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭН ЖАНЦАНГИЙН БЯМБАСҮРЭНД “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ”-ИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Сар шинийн босгон дээр Монгол Улсын аварга Тариаланч хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн иргэн Жанцангийн Бямбасүрэнгийн шагналыг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г. Мөнгөнхуяг нарын хамтаар гардуулан өглөө. Ж.Бямбасүрэн нь 1998-оноос Хилийн цэргийн 0257-р ангид ногоочиноор ажиллаж байгаад 1999 оноос хувиараа хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Үүнээс хойш тасралтгүй 24-н жил төмс, хүнсний ногоо тариалж байна.

Тэрээр "Дэлгэрэх шим" хоршооны тариаланч бөгөөд 3-5 га талбайд бүх төрлийн хүнсний ногоо тариалж зах зээлд худалдаалахаас гадна даршилсан 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж худалдан борлуулдаг хөдөлмөрч тариаланч бөгөөд хоршооныхоо 5 дахь Улсын аварга тариаланч болж байна. Түүний хичээл зүтгэлийг үнэлж 2007 онд Мөрөн сумын "Аварга тариаланч", 2015 онд Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны Жуух бичиг, 2019 онд аймгийн “Аварга тариаланч", 2020 онд Хөвсгөл аймгийн "Шилдэг брэнд үйлдвэрлэгч" зэрэг шагналуудаар шагнагдсан байна.

Газар тариалангийн салбарт ажиллах хугацаандаа нутаг орныхоо иргэдэд хямд үнэтэй сайн чанарын хүнсний ногоог тогтмол нийлүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ам бүлтэй өрхүүдийг ажлын байраар хангаж, амьдрал ахуйг нь үргэлж дэмжиж иржээ. Тухайлбал нэг өрхөд хашаа, нэг өрхөд хашаа байшин, хоёр хүүхдэд оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ. Улсын аварга тариаланчийнхаа гэр бүлд сайн сайхан бүхний дээдийг ерөөж, ургац нь арвин байж, ард олноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд нь амжилт хүсье

ШИНЭ МЭДЭЭ