С.Амарсайхан: Сонгууль хамаагүй бүх нөөцөө дайчилж, малчдадаа тусална
2024.02.14
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С.Амарсайхан: Сонгууль хамаагүй бүх нөөцөө дайчилж, малчдадаа тусална

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан дараах тодруулгыг өглөө.


-Мал аж ахуйн салбарт хаваржилт хүндхэн байгаа мэдээлэл дуулдаж байна. Ямар арга хэмжээ авахаар шийдвэрлэв?

-Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлах.  Импортоор орж ирж байгаа гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх. Гурил, өвс тэжээлийн хангалтыг нэмэгдүүлэх.

Үндэсний хэмжээнд малчдаа дэмжих аян зарлаж байна.

Эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуйн салбарын бодлогыг шинэ шатанд гаргах зэрэг хэд, хэдэн шийдвэр гаргалаа.

Хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад Улаан загалмай нийгэмлэгтэй хамтраад аж ахуй нэгжүүдээ оролцуулаад монголчууд бие сэтгэлээрээ хамтдаа байх, малчдыг хэцүү цаг үед дэмжиж ажиллах шаардлага байгаа.  Энэ хүрээнд хаваржилт дуустал тодорхой ажлууд зохион байгуулна.

-Хандив цуглуулна гэсэн үг үү?

-Хандив гэхээсээ илүү үйлдвэр аж ахуйн нэгжүүд малчдад хүргэх үйлчилгээгээ шуурхай болгох, малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрт илрүүлэгт хамруулах, аливаа эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зэрэг  арга хэмжээг аж ахуй нэгж, иргэдийн оролцоотой зохион байгуулах. Хөдөө аж ахуйн салбар гэдэг зөвхөн малчдын асуудал биш. Нийт монголчуудын амьжиргаатай холбоотой асуудал учраас даван туулахын тулд хүн хүчээ нэмэгдүүлье гэж байгаа юм.

Зуд нүүрлэснээс малчид өвс тэжээлээ татаж авах боломжгүй болсон. Зам даваа хаагдсан байгаа тул нээх арга хэмжээ авах,  шар усны үерээс сэргийлэхийн тулд цасны хунгаруудаа арилгах. Малын зүй бус хорогдлоос шалтгаалж малын гоц халдварт өвчин тархахаас сэргийлэх, малын вакцинжуулалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ авна.

Улсын онцгой комисс маргааш хуралдаж эдгээр асуудлыг хэлэлцээд зарим тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа.

-Хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ. Хэчнээн аймаг сум зудтай байгаа вэ?

-Хоёрдугаар сар гарснаас хойш 14 аймгийн 47 сум төмөр зудтай. Мал бэлчээрлэх боломжгүй, малчид өвс тэжээлээ татах боломжгүй нөхцөлд байдалд орсон. Мөн 17 аймгийн 135 сум цагаан зудтай байна.

Улсын хэмжээнд нийтдээ 250 гаруй сум зудын нөхцөлд байна. Ийм учраас өвөл хэрэгжүүлсэн арга хэмжээгээ хаврын турш хэрэгжүүлж, малчид иргэддээ бүх талын туслалцааг үзүүлнэ.

-Төсөвт тусгагдаагүй арга хэмжээг авбал УИХ-ын сонгуулиар тухай хуулиар хууль зөрчсөн болохгүй юу?

-Эдийн засгийн гол салбараа хохирол багатай авч үлдэхийн тулд сонгууль улс төр огт хамаа байхгүй. Ямар боломж байна, бүх обломжоо дайчилж ажиллана.

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарлана гэхээр яаж ажиллана гэсэн үг вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг нь байнгын үйл ажиллагаатай штаб ажиллана. Мал аж ахуйн салбараа хамгаалах, хур тунадас их орсон учраас шар усны үер болж болзошгүй байна. Тэр хүрээндээ аж ахуй нэгштэй хамтран ажиллаж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авна.

Өвөл бид малчдадаа тэжээл, өвсийг хөнгөлөлттэй үнээр хүргэсэн. Өвс тэжээлийн нөөц өнөөдөр хангалттай биш байна. Импортоор авч байгаа гурил, тэжээлийн үнийг татвараас чөлөөлөхөөр үнэ ханш өсөхгүй байх, хомсдол бий болохгүй байх боломжтой.

Улсын нөөцөөс өнгөрсөн хугацаанд 15 мянган тонн тэжээлийг хямдралтай үнээр малчдад нийлүүлсэн. Нэмээд 6000 тонныг нийлүүлэх гэж байна.  Монгол Улсын хэмжээнд өдөртөө 300 тонн тэжээл гарах боломжтой. Гурилын хүрэлцээгүй байдлаас тэжээлийн гарц муудаж байгаа учраас импортоор орж ирж байгаа тэжээлийн татварыг бууруулснаар мал аж ахуйн салбар хаваржилтыг хохирол багатай даван туулна.

-Өвлийн морин уралдааныг хориглосон байтал хэд хэдэн газар үсэргээ болсон зэрэг мэдээлэл байна. Энэ асуудалд Засгийн газар ямар шийдвэр гаргах вэ?

-Засгийн газрын тогтоолоор морин уралдааныг тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах боломжтой байдаг. Гэхдээ энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах санал ирж байгаа.  Ийм учраас өвлийн морин уралдаанаас болж, хэчнээн хүүхэд бэртэж гэмтэж эндэв гэдгийг сайтар судалж, мэдээллийг Засгийн газарт оруулж ирэх үүрэг даалгаврыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд өгсөн.

Нэг талаараа өвлийн морин уралдааныг хориглочихоод байгаа боловч хууль бус үйлдэл гараад байгаа. Журамлаад өөрчлөөд явбал эерэг сөрөг үр дагавар яаж гарах вэ гэдэг дээр нэлээн сайд судалгаа хийж, түүний үндсэн дээр шийдвэр гаргана.

ШИНЭ МЭДЭЭ