ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ
2024.02.13. XVII жарны “ХИЛЭНТ ЭХ” хэмээх МОДОН ЛУУ жилийн Шинийн дөрөвний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Хурлын танхимд Сар шинийн золголтын арга хэмжээ болж өнгөрлөө.
Сар шинийн золголтод Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд, Мэдээлэл, технологийн албаны дарга М.Нямсүрэн нар болон тус газрын нийт хамт олон байлцлаа.
Энэ үеэр хурлын танхимд Морин хуурын ая, уртын дууны түрлэг эгшиглүүлсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамт олон ийнхүү даган мөрдөж, түгээн дэлгэрүүлсэн нь энэ юм.
Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн өмчит салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар зарлигаар төрийн шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар шагнагдсан ТӨБЗГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Туул, мэргэжилтэн Д.Улам-Ундрах, Т.Цэрэнлхам, Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Х.Нарангарав нарын шагналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл албан ёсоор гардуулж өглөө.