МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ САЛБАР БҮРИЙН ГАЦААГ ТАЙЛЛАА
2024.02.21
Улстөр

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ САЛБАР БҮРИЙН ГАЦААГ ТАЙЛЛАА

Засаглалын тогтолцооны гажуудлыг засав

Засаглалын тогтолцооны гажуудлаа засах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж парламентын төлөөллийг 126 гишүүнтэй байхаар хуульчилсан бөгөөд Бага үндсэн хууль гэгдэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар төрийн захиргааны нэгжүүдийн үүрэг, оролцоог тэнцвэржүүлсэн.

Цахим засаглалыг бүрэн төгс хэрэгжүүлэх эрх зүйн орчны шинэчлэл, хараат бус, бие даасан, шударга шүүхийг бий болгох реформ, хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиудыг батлан эрүүл нийгэм, шударга төр оршихуйн үндсийг буй болголоо.

Соёл урлагийн салбараа шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэх чиглэлд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, түүхэндээ анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа. Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын багц хуулиудыг батлан эрх зүйн реформ хийж, Гүйцэтгэх засаглалаа хүчтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэн шинэ сэргэлтийн бодлогыг баталснаараа шинэчлэлийн парламент болж чадлаа.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДСЭН ГОЛЛОХ САЛБАРУУД:

ЦАХИМ ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

Цахим хөгжлийн эрх зүйн шинэчлэлийн хуулиуд нь цахим шилжилтийн тулгуур хүчин зүйлс болох “өгөгдөл”, түүнийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, ашиглахад зориулсан “дэд бүтэц”, цахимаар ажил, үйлчилгээ явуулах боломжийг нээсэн “хэрэглээ” болон эдгээр бүх үйл ажиллагааны "аюулгүй байдал”-ыг зэрэг багтаасан цогц зохицуулалт юм.

  • Нийтийн мэдээллийн тухай хууль
  • Цахим гарын үсгийн тухай хууль
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль
  • Кибер аюулгүй байдлын тухай хууль
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль

Цахим хөгжлийн багц хууль хэрэгжиж эхэлсэнээр…

Иргэн, аж ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлдэг үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, улмаар иргэдийн бухимдал үүсгэж чирэгдүүлдэг мэдээллийн хаалттай байдлыг нээлттэй болгох, бүх шатны хүнд суртал, дарамтыг багасгах замаар авлигыг бууруулахад эерэг үр дүнтэй.

Иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, гар утас гэх мэт хувийн мэдээлэл, хурууны хээ, царай таних технологид суурилсан биометрик өгөгдлийг ААН, байгууллагууд дураараа ашиглах боломжгүй болж хуулиар хамгаалагдаж байна.

БАНК, САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд Банк, санхүүгийн салбарт хийсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд баталсан хуулиуд.

  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль
  • Банкны тухай хууль
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль
  • Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай хууль
  • Хөрөнгийн үнэлгээний тухай хууль
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль
  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль

Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн үр дүнд…

Төрийн эдийн засаг, мөнгө, санхүүгийн зөв бодлого хэрэгжиж, банкны найдвартай тогтолцоо бүрэлдэн, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах, банкууд нээлттэй хувьцаат болон хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, үр дүнд нь тогтвортой өсөлттэй, иргэндээ хүртээмжтэй байдлаар эдийн засгийг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Дэлхий нийтийн чиг хандлага өнөөдөр кибер буюу цахим ертөнц рүү тэр чигээрээ орлоо. Үүний санхүүгийн салбар дахь тусгал нь FinTech буюу мэдээллийн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтэрсэн. Хурдацтай хөгжиж буй энэ үйлчилгээ, санхүүгийн орчныг зохицуулах чиглэлээр УИХ-аас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай бие даасан хуулийг баталсан.

Ломбард зэрэг мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгч болон иргэн хоорондын харилцааг зохицуулж, банкны зээлийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож, хүүг бууруулах стратегиа баталсан.

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд Соёл, урлагийн салбарт хийсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд баталсан хуулиуд.

  • Музейн тухай хууль
  • Соёлын тухай хууль
  • Кино урлагийг дэмжих тухай хууль
  • Зохиогчийн эрхийн тухай

Соёл, Урлагийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн үр дүнд…

Дэлхий нийтийг хамарсан даяаршлын үйл явц, технологийн үр дүнд соёлын солилцоо, харилцан нөлөөлөл идэвхжиж, давамгай соёлд уусах, автах байдал эрчимжиж байгаа энэ цаг үед эх хэл, бичиг үсэг, түүх, соёл, өв уламжлал, зан заншил зэрэг үндэсний үнэт зүйлийг төрийн онцгой анхаарал, ивээлд байлган, эрхэмлэн хөгжүүлэх, нандигнан өвлүүлэх нөхцөл бүрдүүлэх замаар соёлын дархлаа бүхий монгол хүнийг төлөвшүүлж, хүн төрөлхтний болон үндэсний соёл иргэншлийн ололт, соёлын үйл ажиллагааны үр шимийг хүртэн, авьяас чадварыг хөгжүүлэх нөхцөл, бололцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд Боловсролын салбарт хийсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд баталсан хуулиуд.

  • Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай
  • Дээд боловсролын тухай
  • Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай
  • Боловсролын ерөнхий хууль

Боловсролын салбарт багшаас эхлээд, суралцагч, тэр дундаа сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын бүх асуудлыг зохицуулах багц 4 хуулийг энэ удаагийн парламент хамтад нь шинэчилж, боловсролын салбарын реформыг 21 жилийн дараа хийлээ.

Эрх тэгш суралцах, чанартай боловсрол эзэмших, үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоотой багш, сурагчийг тасралтгүй хөгждөг боломжийг хуулиар нээлээ.

Танхим болон цахим сургалтыг хослуулна, цаг хугацаа орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бүрдүүллээ.

Олон улсын жишгээр сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг, боловсролын байгууллагыг ашгийн болон ашгийн бус хэлбэртэй байлгах, хэл соёл, боловсролын дархлаатай холбоотой олон зохицуулалтыг хуульчилсан.

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд Нийгмийн хамгааллын салбарт хийсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд баталсан хуулиуд.

  • Нийгмийн даатгалын тухай
  • Хөдөлмөрийн тухай
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай
  • Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай

Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт гэх мэт нийгмийн бүхий л давхарыг хамарсан төрөөс үзүүлж буй дэмжлэг, халамжийг сайжруулах нь үе үеийн парламентын анхаарлыг төвд байсан ч энэ удаагийн парламент тус салбарт эрх зүйн шинэчлэл хийж, олон жил хүлээгдэж байсан хөдөлмөрийн харилцааг зохицуулах хуулиа шинэчилсэн.

Сүүлийн гурван удаагийн парламентаас батлагдсан Нийгмийн хамгааллын салбарын хуулийн тоон харьцуулалт:
2020-2024 оны УИХ-аас 6 хууль баталсан.

  • Бие даасан 1
  • Шинэчилсэн найруулга 2
  • Нэмэлт, өөрчлөлт 2
  • УИХ-ын тогтоол 1

2016-2020 оны УИХ-аас 8 хууль баталсан.

  • Бие даасан 3
  • Шинэчилсэн найруулга 1
  • Нэмэлт, өөрчлөлт 3
  • УИХ-ын тогтоол 1

2012-2016 оны УИХ-аас 8 хууль баталсан.

  • Бие даасан 4
  • Шинэчилсэн найруулга 2
  • Нэмэлт, өөрчлөлт 2
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд хууль, эрх зүйн салбарт хийсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд баталсан хуулиуд.

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
  • Шүүх шинжилгээний тухай
  • Шүүхийн тухай
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
  • Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай

Хууль, эрх зүйн шинэчлэл нь нийгмийн бүхий л талбарт шударга ёсыг хүссэн иргэдийн хүсэмжлэлээс үүдэлтэй. Одоогийн парламент иргэдийн хүсэмжлэлийг мэдэрч төрийн алба эрх ашгийн зөрчлөөс ангид, авлига, хүнд сурталгүй, иргэд шударга шүүхээр шүүлгэдэг, ёс зүйтэй, шударга нийгмийг бүтээхийн тулд хуулийн салбар, тэр дундаа цагдаа, шүүх, прокурор зэргийг хамарсан эрх зүйн шинэчлэлийг хийсэн юм.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд Орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлд хийсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд баталсан хуулиуд.

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэлийн нэгж, түүний удирдлагын тухай
  • Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай


Монгол Улсын Их Хурал иргэндээ үйлчилдэг, хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлдог, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн шинэчлэлээр орон нутагт анх удаа төсвийн болон эдийн засгийн зохих эрх мэдлийг олгосон нь маш чухал зохицуулалт болсон.

Үндсэн хуулиар олгосон Монгол Улсын иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах нь нийслэл хотын удирдлагын үүрэг боловч нийслэл хот нь иргэний энэхүү эрхийг бүрэн хангахад чиглэсэн нийгэм, эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн боломж зарим талаар хязгаарлагдмал байсан тул Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан.

ШИНЭ МЭДЭЭ