МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малчид зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулахыг хүслээ
2024.02.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Малчид зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулахыг хүслээ

Монгол Улсын Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллалаа.

Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүллээ. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн зэрэг суманд төмөр зуд болж, 17 сумын 54 багт зам даваа хаагдаад байна.

Завхан аймагт сар шинийн өдрүүдээс хойш тасралтгүй шуурч, зарим сумдад өдөртөө 40 хэмийн хүйтэн байгаа нь төмөр зуд болох эрсдэлийг улам нэмэгдүүлжээ. Тус аймагт 45 мянга гаруй мал зүй бусаар хорогдож, мал, малчид туйлдаж байгааг аймгийн Онцгой байдлын газраас танилцуулсан. Малчид өмнөх жилүүдийнх шигээ өвс тэжээлээ бэлдсэн ч эрт цас орсны улмаас аль хэдийнэ дуусгасан талаар ярьж байна.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлж буй улс болон орон нутгийн нөөцөөс үнэ төлбөргүй өгч буй өвс тэжээл дэм болно гэж үзэж байна. Мөн зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ