МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Румын Улс  Монгол Улсын гадаад бодлогын “гуравдагч хөрш”-ийн үзэл санаанд чухал байр эзлэх орны нэг юм
2024.02.26
Гадаад харилцаа

Румын Улс Монгол Улсын гадаад бодлогын “гуравдагч хөрш”-ийн үзэл санаанд чухал байр эзлэх орны нэг юм

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын Парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад айлчилж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Х.Баделхан, Д.Ганбат, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа (Румын Улсад хавсран суугаа) болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

  • Төлөөлөгчид айлчлалын хүрээнд хийгдэж буй албан уулзалтуудад хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ, тэр дундаа парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, ингэснээр бусад салбар хоорондын харилцан ойлголцсон, нийтлэг ашиг сонирхол бүхий хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх зорилго, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
  • Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Румын Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Николае Ионел Чука-д бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжлан, Парламентын дээд танхимын Гадаад бодлогын байнгын хорооноос ирүүлсэн урилгын дагуу тус улсад айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
  • Уулзалтын үеэр Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Н.И.Чука Монгол Улсын Их Хурлын даргын мэндчилгээнд талархаж байгаагаа илэрхийлээд, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг хоёр улсын Гадаад харилцааны яамд болон Парламентын бүлгүүдийн түвшинд байгуулан ажиллуулах санал, санаачилгыг бүрэн дэмжиж байна гэв.
  • Мөн тэрээр элчин сайдын яамаа хоёр тал харилцан нээх нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх боломж, бололцоог нэмэгдүүлэх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.
  • Европын Холбооны гишүүн Румын Улс нь 2024 оны 03 дугаар сард Шенгений бүсэд хэсэгчилэн орох болсон бөгөөд Европ-Азийн хоорондох гадаад худалдааны тээврийн “Дунд коридорын” нэг болж байгаагаараа Монгол Улсын гадаад бодлогын “гуравдагч хөрш”-ийн үзэл санаанд чухал байр эзлэх орны нэг юм.

ШИНЭ МЭДЭЭ