3,4-р цахилгаан станцыг хэвийн ажиллуулах асуудлаар “Багануур” ХК-д ажиллав
2024.02.26
Орон нутгийн хөгжил

3,4-р цахилгаан станцыг хэвийн ажиллуулах асуудлаар “Багануур” ХК-д ажиллав

“Багануур” ХК, “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур Дулааны станц” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаад буй асуудлуудын талаар сонслоо.

“Багануур” ХК нь олон жил хуримтлагдсан өр төлбөртэй явж ирсэн бөгөөд техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажилчдын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын өр төлбөрийг барагдуулах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай авах арга хэмжээнүүдийг танилцууллаа. Тухайлбал, зардлаа нөхөх хэмжээнд борлуулалтын үнийг нэмэгдүүлэх, цахилгаан станцуудын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн өр төлбөрийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг санал тавьж байна.

Мөн “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур Дулааны станц” ТӨХК-ийн удирдлагууд ижил санал оруулсны сацуу цахилгаан, дулааны тарифыг нэмэгдүүлэх саналаа илэрхийллээ. Эрчим хүчний салбарын найдвартай үйл ажиллагааг явуулахад үнэ, тарифыг зах зээлийн зарчмаар нь чөлөөлж байж үр дүнд хүрнэ гэдгийг хэлсэн юм.

Эрчим хүчний салбарын ачаалал цаашид улам нэмэгдэх учраас энэ салбарын ачааны хүндийг үүрдэг “Багануур” ХК, цахилгаан түгээх сүлжээ компанид тулгамдсан шаардлагатай арга хэмжээнүүдийг авах талаар саналаа Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулах тал дээр анхаарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ